С.Батцэцэг, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТПольш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн 20 дахь удаагийн “Poland Open-2016” олон улсын тэмцээнээс манай тамирчид дахин 2 хүрэл медаль хүртжээ.
58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевичтэй барилдаж 9:9 оноогоор ялагдал хүлээв. Энэ жинд ОУХМ Э.Гантуяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Алёна Колесникийг ард нь гарах, мушгих мэх ээр 10:4 оноогоор хожиж гуравдугаар тойрогт Киргизийн бөх, Азийн аварга А.Тунебыковатай барилдаж хонгодуулж дэвжээний захад мушгиулж баруун хөлдөө алдсаар 5:16 онооны харьцаагаар дийлджээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Болгарын бөх Эвелина Николоваг 12:0 оноогоор ялжээ.
Харин 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хиоган Вангийг хожиж гуравдугаар тойрогт Украины бөх, дэлхийн аварга Юлия Ткачкад цэвэр ялагдлаа. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Шведийн бөх Моа Нугрэнийг 10:0 оноогоор хожсон байна.
Д.Өлзий