Францад уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /Xinhua/. Францын Үндэсний ассамблей хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 1990 оны үеийнхээсээ 40 хувиар бууруулах зорилгодоо хүрэхэд чиглэсэн баримт бичгүүдийг бататгах хуулийн төслийг мягмар гарагт баталжээ.
Парламентын доод танхимын 577 депутатын 332 нь энэхүү баримт бичгийг дэмжсэн бол 77 нь эсрэг санал өгсөн байна.
“Энэхүү хууль нь Францын
иргэдийг өдөр тутамдаа байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулна. Бид олон
нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг том амлалт, хүрэхэд бэрх зорилгоос илүү үр
дүнтэй арга хэмжээнүүдийг тусгахад түлхүү анхаарч байна” гэж Байгаль орчны сайд
Барбара Помпили хууль тогтоогчдод хандан хэлжээ.
Үүнд тусгаснаар, галт
тэргээр зорчих боломжтой, хоёр цаг хагасаас богино хугацаанд үргэлжилдэг, олон
улсын нислэгтэй холбоогүй дотоодын нислэгүүдийг хориглохоос гадна шинэ нисэх
буудал барих, мөн одоогоор баригдсан нисэх буудлуудыг өргөтгөхийг хориглоно.
Мөн 2030 оноос нэг километрт 95 граммаас илүү хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг автомашиныг худалдаалахыг хориглож, сургуулиудаас долоо хоногт хамгийн багадаа нэг удаа мах, загасгүй хоолыг цэсэндээ оруулахыг хүсэх ажээ.
Үүний зэрэгцээ үндэсний
хэмжээнд байгаль орчинд ноцтой хохирол учруулсан хэргүүдийг “экоцид” хэмээх эрүүгийн
шинэ гэмт хэрэгт тооцохоор зааж, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд 10 хүртэлх жилийн
хорих ял, 4.5 сая еврогийн торгууль ногдуулахаар тусгасан байна.