“Миний Монгол наадам” уралдааныг хоёр дахь жилдээ зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2016-06-21 13:37:59

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас хоёр дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлажээ. 

ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, хамтран ажиллах зорилгоор уг уралдаант шалгаруулалтыг зохион явуулдаг юм. Гадаад улс оронд үндэснийхээ наадмыг зохион байгуулах уг уралдааныг Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс зохион явуулж, хэд хэдэн шалгуур тавих аж. Тухайлбал наадамд ролцогчдын тоо, тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо, Жиргээ (Твитер)-нд авсан Re-tweet тоо, Нүүр номны (Фэйсбүүк) Like-ын тоо, Эрийн гурван наадмыг хамруулсан байдал, Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ зэргийг харгалзан 1-5 оноо өгөх юм байна. 

“Миний Монгол наадам” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд оролцох боломжтой бөгөөд ирэх долдугаар сарын 1-ний дотор бүртгүүлж, наадам зохион байгуулсан тайлангаа долдугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Гадаад хэргийн яамны dep08@mfa.gov.mn болон www.facebook.com/ Mongolian-Naadam-festival 2016 хаягаар цахим хэлбэрээр хүргүүлэх юм байна. 

Тухайн улс, хотод наадам зохион байгуулах зардал, тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулагч уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцах бөгөөд амжилттай зохион байгуулсан гурван оролцогчийг шалгаруулах аж.

Н.Туяа

 

相关新闻