Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2 башёд түрүүлж Их аварга болох замаа заслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 15 дахь өдөр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшёо-г нэмэлт барилдаанд хаяснаар, энэ удаа 13 даваатай түрүүллээ.
Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ийнхүү Г.Ган-Эрдэнэ, Такакейшёог хаяж, дахин хүртсэн Озэки цолтойгоо анх удаа түрүү бөхөөр тодорч, энэ амжилтаараа Японы Эзэн хааны цомыг дараалан 2 удаа хүртэж байна. Тэрбээр Макүүчи буюу дээд зиндаанд нийтдээ 4 дэх удаагаа түрүүлж байгаа юм.
Нацү башёд Монголын 6 бөх барилдсан бөгөөд энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан /М-11/, Шиманоүми /М-9/-тэй учраа
таарч, түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 7 унаатай Гачикоши хийж, энэ башёг
амжилттай дуусгалаа.
Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ энэ өдөр
Цүрүгишо /М-8/-тай барилдан, түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 9 унаатай башёг дуусгаж
байна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/,
Хокүтофүжи /М-1/-тэй хүч үзэж, түүнийг ошидаши мэхээр унагаж 7 даваа 8 унаатай
болж, 50 хувийн амжилтаа хийж чадалгүй башёг дуусгав.
Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-6/, Комүсүби Митакэүми-тэй хүч үзэж, түүнд ошидаши мэхээр унаснаар 9 даваа, 6
унаатай башёг амжилттай дуусгаж байна. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Тобизарюү /М-2/-г
ёритаоши мэхээр унагаснаар 7 даваа, 8
унаатай болж, дараагийн башёд зиндаа нэг их доошлохгүй барилдахаар боллоо.
Нацү башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн төгсгөлийн барилдаанд Озэки Такакейшёо, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар учраа таарч, Тэрүнофүжиг цүкиотоши мэхээр давснаар 12 даваатай болж, дахин нэмэлт барилдаан хийхээр болсон юм.