Үйлдвэрчний эвлэлийн холбоод цалин нэмэхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТөсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан цалин хөлсийг нэмэх шаардлагатай байгаа талаар Авто замчдын ҮЭХ , ААХ-ын ҮЭХ , Барилгачдын ҮЭХ , БШУ-ны ҮЭХ зэрэг Үйлдвэрчний эвлэлийнхэн хамтран мэдээлэл хийв.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн биелэлт, хариу арга хэмжээ одоо хүртэл биелээгүй байна.
Монголын Ажилтан албан хаагчдын ҮЭХ-ны дарга М.Алтанцэцэг: “Инфляци өсч, валютын ханш 50 хувь нэмэгдсэн энэ үед цалин хөлс нэмэх шаардлагатай гэдэгт ҮЭХ-д санал нэгдлээ. Ажил олгогчид хөдөлмөр эрхлэгчдэд цалин хөлсийг нь олгохгүй байгаа явдал их байна. Түр ажилд орсон ч ажил олгогчид хөдөлмөр эрхлэгчтэй заавал гэрээ байгуулах ёстой. Тиймээс бид гурван талт хэлэлцээрийг баримтлан цалин хөлсийг цаг хугацаанд нь олгохыг шаардаж байна”гэлээ.
Харин Монголын авто замчдын ҮЭХ-ны дарга Батдэлгэриийн Цэрэнпүрэв ярихдаа: “ Өнөөдөр маш олон хүний хөдөлмөрийн эрх зөрчигдөж байна. Тухайлбал зам ангийн ажилчдын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй буюу 200 мянган төгрөг байна. Цаашлаад Замын компаниуд эдийн засгийн хямралаас болж ажилчдынхаа 50 хувийг цомхотгоход хүрээд байна.Замын үр шимийг бүх хүн эдэлж байгаа. Тиймээс замчдын хөдөлмөрийг зохих хэмжээнд үнэлж өгөхийг хүсч байна” хэмээн онцолсон юм.
Ийнхүү цалин хөлсийг нэмэх шаардлагатай гэдэгт 10 гаруй ҮЭХ нэгджээ. Тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгөөс дээш ажилчдын хөдөлмөрийг үнэлэх ёстой хэмээн албан тушаалтнуудад шаардлага хүргүүллээ.
Г.Уранчимэг