Н.Төгсцогт олимпийн наадамд хүч үзэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлимпийн болон ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксоор хүчээ сорих болоод таван ч ялалт байгуулаад байгаа бөгөөд дараагийн тулаан нь Пуэрто Рико улсын “DYNAMITE” хочит Р.Васкестэй ирэх сарын 15-нд хийхээр болжээ.
Олон улсын сонирхогчийн боксын холбоо энэ сарын 1-нд мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөн. Улмаар мэргэжлийн дэвжээнд хүч үзэж буй тамирчид нас, амжилт, хийсэн гэрээнээсээ үл шалтгаалан сонирхогчидтой хамт олимпийн ринг дээр өрсөлдөх боломж бүрдсэн юм.
Манай улсаас мэргэжлийн боксоор хүч үзэж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпийн дэвжээнд өрсөлдөх боломжтой ч 7 хоногийн зайтай хоёр том тэмцээнд оролцох нь боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Пуэрто Рикогийн боксчин Рафаэль Васкес нь дэлхийн чансаанд 94 дүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд 38 настай энэ тамирчин 2010 оноос мэргэжлийн бокст хүч үзэхдээ 18 тулаан хийснээс 2 удаа л ялагдаад байгаа юм.
Мөн мэргэжлийн боксын холбоодоос мэргэжлийн тамирчдыг олимпийн наадамд өрсөлдвөл аваргын бүсийг нь хурааж, тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилийн хугацаатай хасахаар болсноо өчигдөр албан ёсоор мэдэгджээ.
Д.Өлзий