“Оюу Толгой” ХХК үндэсний худалдан авалтад 98 сая ам.доллар зарцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-28 19:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу Толгой” ХХК энэ оны эхний улиралд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 12.3 тэрбум ам.долларт хүрч, үндэсний худалдан авалтад 98 сая ам.доллар зарцуулж, нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ хэмнэж чаджээ.


Энэ талаар тус компани 2021 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц, цар тахлаас сэргийлэхэд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайланд тэмдэглэжээ.


Тухайлбал, нэг тонн хүдэр боловсруулахад 0.37 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайн ашиглалтын дунджаас гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулжээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 88.7 хувийг нь дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлсэн аж.


Түүнчлэн, нийт ажилтны 96 хувь нь монголчууд. Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 417 сая ам.долларыг оны эцэс гэхэд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 3.3 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлөв. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна хэмээн бичжээ.


Нэгдүгээр улиралд 494 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 431 нь үндэсний ханган нийлүүлэгчид бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 77 хувийг тэднээс хийсэн аж. 


Төлөвлөгөөний дагуу ил уурхайн агуулга ихтэй хэсэг рүү шилжсэн нь олборлосон хүдрийн хэмжээ 2020 оны эхний улирлынхтай харьцуулахад 29 хувиар илүү байхад, мөн хүдрийн агуулга, зэсийн авалт их гарахад нөлөөллөө. Нэгдүгээр улиралд уулын ажлын төлөвлөлттэй холбоотойгоор алтны гарц 457 хувиар их гарчээ.

Зэс, алтны агуулга их хэсэг дэх олборлолт 2021 турш үргэлжлэх төлөвтэй аж. Хэдий тийм ч 2020 оны сүүлийн улиралд гарсан ил уурхайн ханын асуудал, цар тахлын нөлөөллийн улмаас энэ оны баяжмал дахь алт үйлдвэрлэлийн төлвийг Туркойз Хилл Ресурс компани 500 000 – 550 000 унцаас 400 000 – 480 000 унц болгон багасгаж, баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн төлвийг 160 000 – 180 000 тонноос 150 000 – 180 000 тонн болгон өөрчилжээ.


Түүнчлэн, гүний уурхайн материал тээврийн дэд бүтэц 1-ийн ажил өнгөрсөн 12 дугаар сард зарласан нарийвчилсан тооцооллын дагуу үргэлжилж,  бүтээн байгуулалтын төсөв 6.75 тэрбум ам.доллар байна. Агааржуулалтын урд, хойд амны болон бусад төлөвлөгөөт ажилд ажилчдын хөдөлгөөний хязгаарлалт сөргөөр нөлөөлснийг ч дурджээ.


Нислэгийн хязгаарлалт, Засгийн газраас тогтоосон хөл хорионы дэглэм, тэр дундаа 2020 оны 11 дүгээр сар, энэ оны дөрөвдүгээр сард тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг  төдийгүй уурхайн талбар дахь тархалтаас сэргийлж хоёр долоо хоног уурхайд хөл хорио тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтыг түр зогсоосон. Эдгээрийн үр нөлөө үргэлжилж байгааг үнэлж тогтоож байгаа аж. 

相关新闻