Ерөнхийлөгчийн зарлигаар боксын 3 үеийн төлөөллийг төрийн одон, медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр /2021.06.07/ Монголын боксын спортод оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий эрхэм хүндтэй нөхдийг төрийн одон, медалиар шагналаа.
Тодруулбал, “Их-Хэнгэрэг” ХХК-ийн захирал, Монголын боксын холбоо /МБХ/-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ, Б.Батбаяр, залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ, Хилийн 0208-дугаар Тусгай салбар, Хилчин спорт хорооны сургагч офицер дэслэгч Т.Чулуунтөмөр нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Боксын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ, М.Буянжаргал, МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан /2000-2005 он/, Монголын боксын холбооны зүтгэлтэн ОУХМ Б.Мягмарсүрэн, МБХ-ны дасгалжуулагч багш, Мэргэжлийн боксын Ази тивийн аварга, ОУХМ С.Нэмэхбаяр, МБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч, багш, ОУХМ Л.Батбаяр нарыг “Алтангадас одон”-гоор тус тус шагналаа.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсад боксын спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх үйлсэд өөрсдийн мэдлэг, оюун ухаан, ур чадвараа зориулан олон арван шавь нартаа сурсан мэдсэнээ заан зөвлөж, сургаж, хүмүүжүүлж яваа эрхэм гурван үеийн төлөөлөл болсон нөхдөдөө МБХ-ноос талархал илэрхийлж баяр хүргэсэн юм.