Алтанбулаг дахь чөлөөт бүсийн нийт худалдааны 73.0 хувийг архи, тамхи эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албанаас оны
эхний хагас жилд 21 байгууллагад санхүүгийн хяналт шалгалт, таван байгууллагад
дотоод аудит хийжээ. Хяналт шалгалтаар иргэн аж ахуйн нэгжтэй байгуулсан газар
эзэмших, ашиглах гэрээнд заасан төлбөрөө 2019 он хүртэл төлөөгүй байдлыг илрүүлсэн
байна. Үүгээр 311.2 сая төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт нөхөн төлүүлэхээр улсын
ахлах байцаагч акт тогтоож, хэрэгжилтэд
хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Мөн тус байгууллагаас Монгол Улсын Сангийн
Сайдын баталсан нэгдсэн удирдамжаар Сэлэнгэ аймгийн томоохон төсөвт байгууллагууд
болох Гаалийн газар, Татварын хэлтэс,
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт
санхүүгийн хяналт шалгалт хийсэн байна. Тухайлбал Гаалийн газарт хийсэн
шалгалтаар тус байгууллагад ажиллаж байгаа улсын байцаагчдын эхнэр, нөхөр болох
17 хүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төсвөөс төлөөгүй нь илэрчээ.
Тус Гаалийн газраас жил бүр төсвийн төсөлдөө тусган хүргүүлдэг боловч төсвийг
баталдаггүй аж. Тодруулбал Гаалийн тухай
хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.7.-д “Хил дээр ажиллаж байгаа гаалийн
улсын байцаагчийн гэр бүлийг тэргүүн ээлжид ажлаар хангах, тэднийг ажлаар
хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон өндөр насны
тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээнээс тооцож гаалийн байгууллага төлнө” гэсэн заалтыг хэрэгжүүлдэггүйгээс
эл зөрчил үүссэн аж. Ингээд хяналт шалгалтын явцад санал хүргүүлсний үр дүнд
ЭМНДШ-ийг нь төсвөөс төлүүлдэг болгожээ. Мөн Алтанбулаг дахь чөлөөт бүс дотор
архи, тамхи зэрэг онцгой татвартай барааг зорчигчдод худалдаж, 2020 онд 6583044.2 ам.долларын 1038193 литр архи согтууруулах
ундааг худалдан борлуулсан байна. Энэ нь нийт бараа борлуулалтын 73.0 хувийг эзэлсэн
хэмжээнд хүрчээ. Иймд энэ байдалд хязгаарлалт тогтоолгох санал хүргүүлсэн
байна.