"Zanabazar Art festival-2021" урлагийн наадмын шагналыг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Zanabazar Art festival-2021" олон улсын урлагийн наадмын шагнал гардуулах ёслол Өндөр Гэгээний мэлмий гийсэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг, Улаан чулуут хэмээх газар боллоо. Урлагийн наадамд манай улсын 21 аймаг, орон нутгаас гадна дэлхийн 15 улсын 230 гаруй уран бүтээлч 6 төрлөөр өөрсдийн сэтгэлийн ур, ухааны ур, гарын ур шингэсэн 690 гаруй уран бүтээлээ ирүүлэн оролцжээ. Шагнал гардуулах ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор оролцон уран бүтээлч нарт мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.
Урлагийн наадмыг Монголын Их соён гэгээрүүлэгч, уран барималч, зураач Занабазарын бүтээл туурвилыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буйг тэрээр онцоллоо. Мөн Өндөр Гэгээний нэрэмжит нэр хүндтэй шагналыг бий болгон зураач урчуудын бүтээл туурвилыг алдаршуулан олон нийтэд таниулах, цаашлаад олон улсын урлагийн наадамтай болж соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой тэрээр тодотгож байв.