Төвийн бүсийн уралдааны явцад 14 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хүнд гэмтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн бүсийн “Сэлэнгэ хурд-2021"
хурдан морины зуны уралдаан болж өндөрлөлөө. Тус уралдаан цар тахлын нөхцөл байдлын улмаас халдвар
хамгааллын нарийвчилсан дэглэм журмын хүрээнд болсон байна. Энэхүү үйл ажиллагаанд
аймгийн МХГ-аас хяналт тавьж ажиллажээ.
Тухайлбал МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн
хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн явуулын 4 баг уралдаанд оролцох нийт 453
хүүхдээс коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ авсан байна. Энэ үед нэг унаач хүүхдээс халдвар илэрч, шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс аймгийн Онцгой комиссын тогтоолоор
батлагдсан түр журамд тусгагдсаны дагуу ойрын хавьталын хамт уралдаанд
оролцуулахгүй буцаажээ. Уралдааны өдрүүдэд
буюу 08 дугаар сарын 06-08-нд 9 насны 1341
морь уралдаж, нийт 490 унаач хүүхэд иж бүрэн хамгаалах
хувцас хэрэгсэлтэй уралдаанд оролцсон байна. Уралдааны
явцад 14 хүүхэд мориноос унаж, аймгийн
Нэгдсэн эмнэлгийн баг яаралтай тусламж үзүүлсэн байна. Эдгээрээс 13 хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд нэг хүүхдийн
биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Харин хурдан хүлгүүдээс нэг морины хөл
хугарч, 9 морины хөл маахайлсан байна. Мөн
хоёр морины амьсгаа давчдаж бахардсан аж. Эл моринд шингэн залгаж, маахайлсан морьдын хөлийг чиг тавин боож, өвчин намдаах, морины хөлний
доголын тариа, зүрх судасны тариа үрэвслийн эсрэг эмчилгээг аймгийн Мал эмнэлгийн
эмч нар хийсэн байна. Энэхүү үйл ажиллагааны явцад
МХГ-аас хөндлөнгийн хяналт тавьж ажиллажээ.