Ханх сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-06 17:04:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд холбогдох яам, агентлагуудаас санал авах уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Тус аймагт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолоор “Хөвсгөл нуур орчмын бүсийг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр заасан.


Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Хөвсгөл дэд төсөл нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үндэсний жишиг зорин очих газрыг бий болгож, тогтвортой, хүртээмжтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр зөвлөх багийн зүгээс Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааны үр дүнг танилцуулж, дараах асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутаг ба түүний орчны бүсийн хот суурингуудад тулгарч буй нийтлэг асуудлууд болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Ханх сумыг эко аялал жуулчлалд түшиглэсэн, тогтвортой, гамшигт тэсвэртэй хот болгон хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд яамдын зүгээс баримталж буй бодлого, авах арга хэмжээ, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцсон юм.


Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон бүс нутгийн бодлого төлөвлөлтөд нийцүүлэн боловсруулж, батлуулах ажил хийж байгаа ажээ.

 

 

 

 

相关新闻