Нэг сая жуулчин авахын тулд 10 сая хүн рүү нэг цонхоор хандъя

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-26 14:43:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын аялал жуулчлалын салбарын нэг зорилт болох нэг сая жуулчин авахын тулд 10 сая хүн рүү хандах хэрэгтэй байна. Ингэхдээ нэг цонхоор нэгдсэн байдлаар харж, дижитал дээр суурилсан бодит үр дүн гарах маркетинг хийх саналыг Монголын Маркетингийн холбооны ерөнхийлөгч Ш.Алтанбагана өнөөдөр болж буй “Tourism Forum Mongolia-2021” чуулган дээр онцолж байлаа.


Чуулганыг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулж, БОАЖЯ, ГХЯ, Соёлын яам зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, тус Танхимын Аялал жуулчлалын зөвлөл, Монголын Аялал жуулчлалын холбоо, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон аялал жуулчлалын салбарыг сэргээх стратегийг хамтдаа хэлэлцэж байна. Чуулган “Ковидын болон дараах үеийн маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх зүйлс”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн 3 сэдвээр болж байна.




Чуулганыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн форумаар судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон ТББ-ууд, аялал жуулчлалын салбарт ажиллагсад гээд төр, хувийн хэвшлийнхнийг нэг дор цуглуулж байна. Ингэснээр салбарын цаашдын хөгжлийн шинэ санаа, шийдэл, санал зөвлөмжийг гаргах онцлог, давуу талтай. Аялал жуулчлалын салбарыг сэргээх гарцыг тодорхойлоход салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал" гэдгийг онцоллоо. 






Чуулганы эхний хэлэлцүүлэгт БОАЖЯ, ГХЯ, Соёлын яам, Маркетингийн холбоо, “Эм Эм Си Жи” компанийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн модератор, “Нэйшнл Ньюс корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батманлай:

-Гадаад сурталчилгаан дээр манай улс яг одоо ямар арга хэрэгсэл ашиглаж, ямар хөтөлбөр хэрэгжүүлж цаашид шинэлэг байдлаар хэрхэн ажиллах гэж байна вэ?

ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал Д.Булган:

-ГХЯ-наас гадаад сурталчилгааны үндсэн үүргийн хүрээнд “Дэлхийн монголчууд” болон гадаад сурталчилгааны гэсэн 2 том хөтөлбөрийг 2016-2020 онд санаачлан хэрэгжүүлсэн. Эдгээр хөтөлбөрийг үргэлжлүүлэн “Дэлхийн монголчууд-2” гэж, гадаад сурталчилгааны хөтөлбөрөө “Монгол үндэстний үнэлэмж” гэдгээр цогц үйл ажиллагаа болгон 2021-2024 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эдгээр хөтөлбөрт төрийн болон ТББ-уудыг оролцуулсан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах хамтарсан зөвлөл байгуулна. Одоо санал авах шатанд байна. Зөвлөлийг байгуулснаар ГХЯ ахлаад гадаад сурталчилгааг хэрхэн хийх, Ковидоос үүдэлтэй хямралыг хэрхэн даван туулж, аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх талаар тодорхой ажлыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлэх юм.


-Соёлын яам аялал жуулчлалыг хөгжүүлэх судалгаа хийж байгаа. Салбарын уялдааг хангах дээр ямар ажлыг бодлогын түвшинд бодитоор төлөвлөж байна?

Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат:

-Аялал жуулчлалын контентын агуулгыг бий болгоход нэн түрүүнд судалгаа маш чухал байгаа. Энд монголчуудын үнэт зүйлийг гаргаж, гадагшаа юугаар нэгдэн ялгарч ондоошин гарах, мөн дотооддоо нэгдсэн байдлаар яаж ажиллах талаар судалгаа хийх ёстой. Энэ талаар 3 яамны хамтарсан Ажлын багийг байгуулж, Монгол Улсын гадаад сурталчилгааг нэг цонхоор явуулах бодлогыг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлаад байна.

Мөн БОАЖЯ-тай хамтран түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх маркетинг төлөвлөгөөг боловсруулах Ажлын багийг байгуулах гэж байна. Энэ чуулганаас гарах дүгнэлт, зөвлөмжийг энэ төлөвлөгөөнд тусгаад хамтран ажиллана гэв.




Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх стратегийг хэлэлцэж буй “Tourism Forum Mongolia-2021” чуулганд оролцогчид салбарын шинэ хөгжлийг гадаад сурталчилгааны нэгдсэн маркетингаас эхлүүлье гэдэгт ийнхүү төвлөрч байв. Гэхдээ үүний өмнө тулгамдаад буй, цар тахлын нөхцөлд Монгол Улс гадаадаас жуулчдыг хэзээ авах талаар зарлаж, түүндээ тохирсон бүх бэлтгэл ажлыг хийх үйл ажиллагааг тодорхой болгох хэрэгтэй байна. Жуулчин орж ирэхэд эрүүл ахуйн дэглэмээс эхлээд жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй байна гэсэн саналыг “Цолмон трейвэл” компанийн гүйцэтгэх захирал М.Навчаа хэлж байв.


Энэ саналыг “Эм Эм Си Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ дэмжин, “Өнөөдөр энд төрийн яамдын удирдлага, төлөөлөл оролцон салбараа сэргээх талаар хэлэлцэж буй нь сайшаалтай. Харин энд ЭМЯ-наас оролцон жуулчилж буй хүн халдвар туслаа гэхэд зочид буудлаар ханган, эм, эмчилгээг хэрхэн хийх талаар ярилцах л учиртай. Өнөөдөр хүссэн хүсээгүй дэлхий нийт ковидтой ковидгүй аялна, хадварын нөхцөлд аялж буй учир дасан зохицон ажиллах хэрэгтэй байна” хэмээж байв.




Аялал жуулчлалын чиглэлээр манай улсад одоо “Бүргэдийн баяр”, “Цасны баяр” зэрэг уламжлалт болон шинэ үйл ажиллагаа хүлээгдэж буй. Эдгээрийг өнөөдөр ярьж буй шинэ контентоор явуулж, “Эсгий туургатны соёлын Их наадам”-ыг зохион байгуулъя гэсэн бодит саналыг хэлж байв.

Чуулганд төрийн яамд, МҮХАҮТ болон Монголын Аялал жуулчлалын холбооны гишүүн компани, ААН-үүдийн төлөөлөл, зочид буудал, нисэх буудал зэрэг үйлчилгээний болон иргэний агаарын тэээврийнхэн зэрэг 200 хүн танхимаар, 300 төлөөлөл цахимаар оролцож байна. 


相关新闻