Завхан аймагт нарийн ногооны хомсдол үүсээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт нарийн ногооны
хомсдол үүсээгүй байна. Учир нь худалдаанд ногоочдын тарьсан нарийн ногоог боломжийн үнээр борлуулж байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Тус аймаг энэ жил 1783.9 тн төмс, 1582.5 тн
хүнсний ногоо хураан авчээ. Харин хүлэмжийн нарийн ногоогоор иргэдийг жилийн
дөрвөн улиралд хангаж байна. Хүн
амын хэрэгцээг, дотоодын үйлдвэрлэлээр төмсний 80 хувь, хүнсний ногооны 40 хувийг хангадаг. Ногооны бизнес эрхэлдэг
иргэдийн БНХАУ-аас оруулж ирдэг нарийн ногооны татан авсан нөөц одоохондоо
дуусаагүй байна. Завхан аймаг 2018 оноос хэрэглэгч
аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт дэвшүүлж баруун бүс нутагт анх удаа
өвлийн хүлэмжийн аж ахуй барьж ашиглалтад оруулсан.
Мэргэжлийн агрономичийн удирдлага дор 300 метр квадрат хоёр ширхэг өвлийн нарлаг хүлэмжид тариалалтаа эхлүүлж байсан тус хүлэмжийн аж ахуй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Өнөөдрийн байдлаар өргөст хэмх, юуцай, бууцай, салат навч, улаан лооль, гүзээлзгэнэ гэхчлэн 6-8 төрлийн нарийн ногоог тариалж байна. Жилийн дөрвөн улирлын турш хэрэглэгчдээ шинэ нарийн ногоогоор хангаж байна. Худалдаанд нарийн ногооны үнэ 500-600 төгрөгөөр нэмэгдсэн байна гэв.
Ташрамд тус аймагт хүлэмжид тарьсан тариаланчдын
өргөст хэмх нэг кг нь 6000 төгрөг, юуцай, бууцай, салат навч нэг кг нь
6000-7000 төгрөгийн үнэтэй байна. Харин зах зээлд одоогоор БНХАУ-аас орж ирдэг
нарийн ногоо маш бага. Ховд аймгаас орж ирж буй жимс, нарийн ногоог худалдаалж байна.
Тэжээлийн ургамал
хүнсний ногооны тариалалт нэмэгджээ
Завхан аймаг энэ жил газар тариалангийн
салбарыг дэмжиж ажилласнаар үр тариа, малын тэжээл тариалалтын ургац нэмэгджээ.
Тухайлбал 7520.8 тн хадлан, 34.5 тн гар тэжээл, 2602.6 тн тэжээлийн ургамал, 592.0 тн үр тариаг тус тус хураан аваад байна. Ургац хураалтын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмс 12.6 тн буюу 0.7 хувиар, гар тэжээл 81.9 тн буюу 70.4 хувиар нэмэгджээ.
Мөн байгалийн
хадлан 5895.2 тн буюу 43.9 хувиар тус тус буурч, үр тариа 292.0 тн буюу 97.3
хувиар, тэжээлийн ургамал 148.3 тн буюу 6.0 хувь, хүнсний ногоо 243.5 тн буюу 18.2
хувиар тус тус өссөн байна.