Өрхийн панел судалгааг сайн хийсэн гэсэн үнэлэлт өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус
аймагт цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал өрхийн панел судалгааны
мэдээлэл цуглуулалтад хяналт хийлээ гэж аймгийн Статистикийн хэлтсээс
мэдээлэв.
“Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал” өрхийн панел судалгааны дөрөв, тав дахь шатны мэдээлэл цуглуулалтын явцыг Говь-Алтай, Завхан, Увс аймгийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Үндэсний статистикийн хорооны ажилтан Ч.Тунгалаг, Герман улсын цаг уурын нөлөөллийн судалгааны институтийн ажилтан Лукас, Жулиан, Свенжа нар тус аймагт ирж гурав хоног ажиллалаа. Судалгааны хяналтыг Шилүүстэй сумын Баян-Улаан, Цагаанхайрхан сумын Агьт багуудад хийсэн. Судлаачдын баг манай хэлтсийн судлаачдын хийсэн судалгаа буюу, өрхийн мэдээлэл цуглуулалтын чанар дээр хяналт шалгалтын ажлыг хийж судалгааны мэдээлэлд чанартай сайн гэсэн үнэлэлт өгсөн. Панел судалгаа гэдэг нь тодорхой цаг хугацааны туршид сонгогдсон өрх юм уу хүн амд гарч буй өөрчлөлт, хөдөлгөөнийг судалдаг. Түүний учир шалтгаант холбоо, хамаарлыг шинжлэн судлах, нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох боломжийг бүрдүүлдэг судалгаа юм.
“Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал” өрхийн панел судалгаа нь өрхийн аж байдалд ган, үер, зуд зэрэг цаг уурын эрсдэлт үзэгдлүүд хэрхэн нөлөөлдөг. Өрхүүд ган, зуд болон бусад таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авдаг. Эдгээр таагүй үйл явдлууд өрхөд үзүүлэх үр дагаврын талаар мэдээлэл бий болгох, шинжилгээ хийх зорилготой хийдэг судалгаа юм гэв.
Өрхийн панел судалгаа нь олон талын үр ашигтай байдаг
“Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал” өрхийн панел судалгаа нь олон талын үр ашигтай байдаг.
Учир нь өрхийн панел судалгааны мэдээлэл нь өрхүүд цаг уурын хүндрэл, амьдралд тохиолдсон таагүй үйл явдлыг хохирол багатай даван туулах чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого боловсруулахад чухал суурь мэдээлэл болдог.
Мөн судалгаагаар дамжуулан өрхийн хүн ам зүйн бүтэц, боловсрол, эрүүл мэнд, өрхийн гишүүдийн ажил эрхлэлт, өрхийн орлогын байдал, хэрэглээний байдал, шилжих хөдөлгөөн, зуд болон бусад таагүй үйл явдлуудаас хэрхэн хамаардаг. Өрхийн мал аж ахуйн үйл ажиллагаа, өрхүүд таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд авдаг арга хэмжээ, өрхийн гишүүдийн сэтгэл ханамж, ирээдүйн талаарх төсөөлөл, өрхийн орон сууцны нөхцөл, хүүхдийн биеийн жин, өндрийн харьцааны шинж байдлыг мөн судалдаг юм.