Харааны бэрхшээлтэй иргэд сурч хөгжих байртай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус
аймагт “Хандлагаа өөрчилж хамтдаа хөгжье” уулзалт, хэлэлцүүлэг болж аймгийн
хараагүй иргэдэд чиглэсэн бодлого хөтөлбөртэй уялдсан зөвлөмжийг гаргаад байна
гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Аймгийн хэмжээнд нийт
350 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байна. Эдгээр иргэдийн төлөөлөл аймгийн 24
сумын 80 гаруй харааны бэрхшээлтэй иргэн дэлхийн цагаан таягтны өдрийн хүрээнд
зохион байгуулсан сургалт хэлэлцүүлэгт оролцлоо.
Сургалт хэлэлцүүлгийн үеэр
гарсан зөвлөмжийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалд хэлэлцүүлгийг зохион
байгуулагчид гардуулан өгсөн юм. Аймгийн Засаг дарга харааны сургалт,
хэлэлцүүлэгт оролцох үеэр: “Аймгийн 2022 оны төсөв хэлэлцэхийн өмнө төрийн
байгууллагуудын шийдвэр гаргах түвшний удирдлагуудыг оролцуулсан энэ уулзалт нь
цаг үеэ олсон үйл явдал юм. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг үе шаттай
хэрэгжүүлэхэд хамтран ажиллана”. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүх талаар
нь дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн аймгийн Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний газраас харааны бэрхшээлтэй иргэдэд сурч хөгжих, үйл
ажиллагаагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо гэв.
Харааны бэрхшээлтэй
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихгүй байна
“Хандлагаа өөрчилж
хамтдаа хөгжье” уулзалт, хэлэлцүүлэг Завхан аймагт хоёр өдөр үр дүнтэй болж өнгөрлөө.
Уулзалт хэлэлцүүлгийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Улиастай сумын ИТХ, багийн Засаг даргын ажлын алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд хамтран оролцсон юм. Төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдлага, мэргэжилтнүүд, харааны бэрхшээлтэй иргэдийн хамтарсан хэлэлцүүлгийн үеэр тулгамддаг олон асуудлыг ярилцсан.
Тухайлбал хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, тэдэнд тулгамдаж буй асуудал, хөдөө орон нутгийн хараагүй иргэдийн амьдралын хэвшил, төрийн үйлчилгээ авахад тулгамддаг асуудлууд. Харааны бэрхшээлтэй иргэдэд халамжийн тэтгэвэр амьжиргааны түвшнээс доогуур олгогдож буй нь тэдний амьдралд хүрэлцэхгүй байна. “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгодог зээл тусламжид харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулах нөхцөл боломжоор хангах. Тухайлбал, сангуудаас олгож байгаа зээлийн тодорхой хэсгийг харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөв хөтөлбөрт зарцуулдаг байх. Эдгээр сангийн зээл нь голдуу цахимаар явагддаг болохоор тэдгээр иргэд тендерт оролцох боломжгүй байдаг гэхчлэн харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлуудыг салбар бүрийн төлөөлөл харилцан санал солилцож хэлэлцсэн байна.
Мөн
хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос
хэрэгжүүлж буй ажил, Сүхбаатар аймгийн салбар хорооны туршлагуудаас мэдээлэл
хийлээ. Түүнчлэн Завхан аймгийн хараагүй иргэдэд чиглэсэн аймгийн бодлого
хөтөлбөртэй танилцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, зөвлөмж гаргаж Улиастай
сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургууль дээр хэрэгжиж буй төслийн үйл
ажиллагаатай танилцан, хүүхдийн харааны чадварын түвшинд үнэлгээ хийж, санал
солилцоо гэж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны салбар Завхан аймгийн
холбооноос нэмж мэдээлэв.