Малын им тамга, зүсний нэгдсэн бүртгэлтэй болох санал хүргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Отгон суманд бүс нутгийн
малчдын бүлгийг чадавхжуулах сургалт зөвлөгөөн болж, бод малыг нэгдсэн им
тамгатай болгох саналыг гаргажээ.
Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Мал-мах”
нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн урд бүсийн сумдын
малчдыг хамруулсан сургалт, зөвлөгөөнийг Отгон суманд зохион байгуулсан. Энэ
зөвлөгөөнд таван сумын 60 гаруй малчин оролцож, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх чиглэлээр малчдын оролцоог нэмэгдүүлэх. Тэднийг хот айл, багаараа
хамтран ажиллаж, малын хулгайгаас сэргийлэхэд хэрхэн оролцох, мэдээллээ хаана
яаж өгөх талаарх хууль эрх зүйн мэдээлэл өгөх, чадавхжуулах, зөвлөлдөх сургалт
боллоо. Малын хулгайгүй бүс нутаг сэдэвтэй зөвлөгөөнийг урд бүсийн сумдын гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион
байгуулсан.
Мөн зөвлөгөөнөөр малчдад бүс нутгийн эрүүгийн хэв журмын нөхцөл байдал,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдол, иргэдээс төлбөртэй
мэдээлэл авах журмын танилцуулгыг мэдээлж, цагдаагийн газраас явууулж байгаа
нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хийж байгаа ажлуудын үр дүн
тайлангийн талаарх мэдээллийг хүргэсэн.
Малын хулгайтай тэмцэх ажилд бусдадаа үлгэр жишээ үзүүлдэг малчдыг мөн урамшуулав. Энэ удаагийн зөвлөгөөнөөс малчид “Эвсэг малчид эрсдэлгүй мал сүрэг” уриалгыг дэвшүүлээд байна. Түүнчлэн хил залгаа аймаг сумдын малчдын бүлгүүдтэй хамтран ажиллаж, холбоо тогтоох ажлыг эрчимжүүлэх. Сум багийн бод малыг нэгдсэн им тамгатай болгох. Цаашид малчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг давтамжтайгаар зохион байгуулж байх. Энэ талын гарын авлага материалаар хангах. Малын им тамга, зүсний нэгдсэн бүртгэлтэй болох. Малчдыг шагнаж урамшуулахдаа шагналын тодорхойлолтод мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан эсэх лавлагааг харгалзан үздэг байх зэрэг саналуудыг зөвлөгөөнөөс гаргаж, холбогдох албаныханд хүргүүлээд байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Мал хулгайлах гэмт
хэрэг жил бүр нэмэгдэж байгаа
Тосонцэнгэл суманд “Эвсэг малчид эрсдэлгүй мал
сүрэг” уриалгыг дэмжиж малчдыг мэдээлэлжүүлэх, малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Дээрх уриалгын хүрээнд тус сумын Цагдаагийн хэлтсээс малчдад мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх хууль эрх зүйн мэдлэг олгох, холбоотой гарын авлага тараах материалыг олон нийтэд хүргэх ажлыг хийж байна. Мөн эргүүл хяналт, шалгалтыг хийж, санамж сэрэмжлүүлгийг 320 гаруй малчинд тараан өгөөд байна. Аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийн гаралт жил бүр нэмэгдэж байна. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд малчин, шийдвэр гаргах түвшний удирдлагууд, цагдаа болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал юм. Тиймээс аймгийн 24 сумын цагдаагийн алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд малчидтай хамтран ажиллах. Малчдын сонор сэрэмжийг дээшлүүлж малын хулгайн мэдээллийг төлбөртэй авах. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллах. Гудамж талбай олон нийтийн газарт зурагт хуудас байршуулан, иргэдэд мэдээллийг тараан ажиллаж байна. Тус сум нь малын хулгайн гэмт хэргийн гаралт ихтэй гэж Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсээс нэмж мэдээлэв.