Сумдын төвлөрсөн бохир усны шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-03 17:44:40

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 10 дугаар сарын байдлаар салбаруудын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан. Зам засвар барилгын ажлуудын явц үр дүн хэр байгаа талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Өнөөдрийн байдлаар төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай хангагдсан байна. Аймгийн 24 сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус уурын зуухнуудын дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд урсгал засвар үйлчилгээг бүрэн хийлгэсэн. Тус аймаг нь төвлөрсөн шугам сүлжээгээр жилдээ 178 аж ахуйн нэгж байгууллага, 728 орчим айл өрхийг хангадаг. Нэгдсэн дулаанаар хангагддаг айл өрх нь нийт өрхийн 84,6 хувийг эзэлдэг. Харин аймгийн төвийн гэр хорооллын айл өрхийг хоёр гүний худаг, 14 ус түгээх байр, хоёр автомашинаар цэвэр усаар хангаж байна. Уурын зуухнууд 7-10 хоногийн нүүсний нөөцтэй байна.

Мөн тулгамдаж буй хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал аймгийн төвд шинээр барих дулааны станцын шугам сүлжээтэй хамт цэвэр усны шугам шинэчлэх. 2021-2022 оны төв, суурин газрын өвөлжилтөд дизель түлшний татаас нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэх. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих. Улиастай сумын Богдын гол багийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын инженерийн шугам сүлжээг хийх санхүүжилтийг шийдвэрлэх. Сумдын төвлөрсөн бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг шинээр барих гэх мэт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэв.


22 сум төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбоотой байдаг

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбар нь 21 сумын цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээ, дэд станцын засвар үйлчилгээнд хоёр бригад гаргаж, бүрэн хийж дууссан байна.

Тус аймгийн 22 сум төвийн эрчим хүчний нэгдсэн системээс, Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээнээс Их-Уул сум, Тайширын  УЦС-аас Шилүүстэй сум тус тус эрчим хүчээр хангагдаж байна. Улирлын чанартай ажилладаг Галуутай, Хүнгий, Идэрийн гол, Богдын гол, Гуулин усан цахилгаан станцууд нь зуны улиралд зэргэлдээх сумдыг хангаж ажилладаг. Ургамал, Дөрвөлжин сум 150 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцтай сэлгэн ажиллаж байна. Цаашид Тосонцэнгэл-Их-Уул чиглэлийн 35 кВт, Шилүүстэй-Цагаанчулуут чиглэлийн 15 кВт цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх шаардлагатай.


Завхан аймгийн эрчим хүчний нийт ачаалал 8,5 МВт хүрээд байна

2020-2021 оны өвлийн их ачаалалд эрчим хүчний ачаалал Улиастай суманд дангаараа 4,5 МВт, бусад суманд нийлээд 4 МВт хүрчээ.

Харин аймгийн эрчим хүчний нийт ачаалал 8,5 МВт хүрээд байгаа юм. Учир нь сумдын цахилгаан хангамжийн ажиллагаа тогтворжиж байгаатай уялдуулан сумдын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдсэн. Зарим нэг байгууллага, айл өрх халаалтаа цахилгаан зуухаар шийдэж байгаа зэргээс шалтгаалж сумын төвд байрлах АТП№1, 2 бууруулах трансформаторууд ханалтад орсон. Шугамын гэмтэл хүндрэл байнга гарч байгаа тул шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал долоон сумын доторх 0,22-0,4 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийх шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин, хэрэгцээт машин механизм дутагдалтай байна гэв.


Цар тахлаас болж энэ онд ашиглалтад орох байсан барилгуудын ихэнх нь зогсонги байдалд байна

Завхан аймагт 2021 онд 55,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна.

Тухайлбал, улсын төсвийн 47.8 тэрбум төгрөг, салбар яамдын 590,0 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 6,1 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөрөөс 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус байна. Өнөөдрийн байдлаар замын бүтээн байгуулалтууд төлөвлөсний дагуу гүйцэтгэл сайтай хийгдэж байгаа. Тухайлбал Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км хатуу хучилттай автозамын гүйцэтгэл 100 хувьтай. Доной нисэх буудлаас Алдархаан сумын чиглэлийн 6,7 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэл 80 хувьтай. Их-Уул сумын гурван км хатуу хучилттай автозамын гүйцэтгэл 100  хувьтай. Улиастай сумын “Гудамж” төслийн гүйцэтгэл 90 хувьтай хийжээ.

Харин энэ онд 4,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинээр таван барилгын ажил эхэлсэн. Аймгийн хэмжээнд нийт 38 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 28 төсөл он дамжин хэрэгжиж байна. Энэ онд 16 барилга ашиглалтад орох ёстойгоос “Ковид-19” цар тахлаас үүдэн материалын үнийн өсөлт, материалын хомсдол, цалингийн нэмэгдэл. Ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан ихэнх барилга ашиглалтад орох боломжгүй нөхцөл үүссэн байгаа. Өнөөдрийн байдлаар улсын төсвөөр долоон барилгад их засварын ажил хийж байна.

Барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна

Завхан аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2021 оны хагас жилийн дүнгээр 15 тэрбум 916.2 сая төгрөг болжээ.

Нийт үйлдвэрлэлээс аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл нь 14 тэрбум 36.6 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь 3 тэрбум 29.7 сая төгрөг болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар буурчээ. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 42.2 хувийг, хүнсний үйлдвэрлэл 20.2 хувийг эзэлж байна. Харин  боловсруулсан мах 20.3 хувь, хувцас үйлдвэрлэл 8.1 хувь, модон эдлэл үйлдвэрлэл 3.5 хувийг тус тус эзэлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн бизнес регистрийн санд 2210 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 1361 аж ахуйн нэгж байна.

Цар тахалтай холбоотойгоор аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсан байна. Мөн аймагт барьж буй нийт бүтээн байгуулалтын материалыг гаднаас татан авалтаар нийлүүлдэг. Энэ нь шатахууны үнэ, бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, татан авалтын хомсдол гэх мэт тулгамдсан асуудлуудыг бий болгож барилгын өртгийг нэмдэг. Тиймээс аймагт барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Эхний ээлжинд аймагт төмөр бетон, бетон эдлэл, тоосгоны үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Аймгийн төв Улиастай суманд барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, итгэмжлэл авах шаардлагатай байгаа аж. 

相关新闻