Эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт ажиллах хүчний оролцооны түвшнээрээ аймгийн 24 сумаас Ургамал сум
хамгийн өндөр буюу 71.8 хувьтай байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс
мэдээлэв.
Харин дараа нь Яруу сум 70.5 хувь, Баянхайрхан сум 69.6 хувь, Алдархаан сум 68.1 хувьтай байгаа бол хамгийн бага нь Сонгино сум 47.4 хувьтай байна. Ажиллах хүчний оролцооны түвшин нь хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг ажиллах хүчин эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Дээрх үзүүлэлтийг 2020 оны хүн ам орон сууцны тооллогоор гаргажээ. Энэ тооллогоор ажиллах хүчинд ажил эрхэлж байгаа хүн ам болон ажилгүй иргэдийг хамрууллаа.
Энэ нь цаашдаа улс орны нийгэм, эдийн засаг ялангуяа ажиллах хүчний бодлого боловсруулахад суурь мэдээлэл болдог. Энэ удаагийн ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх тооллогын үеийнхээс өссөн нь 25, түүнээс дээших насны бүх бүлэгт ажиллах хүчний оролцооны түвшин, ялангуяа эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо өссөн байна. Ажиллах хүчийг насны бүлгээр ангилахад мэдэгдэхүйц ялгаатай байгаа. Тухайлбал, эрэгтэйчүүдийн ажиллах хүчний түвшин бүх насны бүлэгт эмэгтэйчүүдийнхээс өндөр байна. Үүний дотор 20-34 насанд 4.9-11.3 пунктээр их байгаа нь тухайн насны их, дээд сургуульд суралцагчдад эмэгтэйчүүд илүү байдагтай холбоотой.
Мөн хүн амын ажиллах хүчний оролцоо 25-44
насанд хамгийн өндөр байгаагийн дотор эрэгтэйчүүдийн хувьд 78.2-87.6 хувьтай
бол эмэгтэйчүүдийнх 70.6-81.0 хувьтай байна. Ялангуяа 45-49 насанд хүйсийн
хувьд ажиллах хүчний оролцооны түвшний зөрүү хамгийн бага байгаа нь энэ насанд
эдийн засгийн идэвх хамгийн өндөр байгааг гэрчилнэ. Харин 55, түүнээс дээш
насанд эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвх огцом буурч байгаа нь тэд 55 наснаас
эхлэн өндөр насны тэтгэвэрт гардагтай холбоотой юм гэв.