УДБЭТ 59 дэх улирлын нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-15 10:46:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид 59 дэх улирлын нээлтээ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар энэ сарын 13-нд эхлүүллээ.


Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн нийгмийн тусгал болсон дуурь тайзнаа амилаад 87 жил болж байна.

Энэ удаа Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад Ш.Наранчимэг, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд О.Хүрэлбаатар, худалдаачинд Э.Отгонбат нар дүр бүтээжээ.

Тэртээ 1950 оны 12 дугаар сарын 30-нд тус театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан билээ.

Засгийн газраас гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу үзэгчид ковидын вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх ёстой. Хэрэв гурав дахь тундаа хамрагдаагүй, хамрагдах боломжгүй тохиолдолд тоглолт эхлэхээс 1-3 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээ өгч, үзвэр үзэх боломжтой юм.

 

相关新闻