Морин хуурын чуулга Алдарт Капелла болон Мариинскийн тайзнаа уран бүтээлээ толилуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга энэ сарын 11-нд Эрмитаж музейн Капелла концертын танхимд, 13-нд алдарт Мариинский Театрын концертын танхимд тоглолоо.
Тус чуулга Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-д уригдсан юм. Уг аялан тоглолтын гол зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Рерихийн мүзей болон Санкт-Петербург хот дахь Рерих гэр музей, ерөнхий ивээн тэтгэгчээр Санкт-Петербург хотын Соёлын хороо ажиллав.
Бүтэн хөтөлбөртэй бүрэн хэмжээний тоглолтод Монголын ахмад, дунд, залуу
үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэсэн юм.
Үзэгч, сонсогчид Морин хуурын чуулгын хөг дуугаралт, хөтөлбөрийн сонголт, хөгжимчид болон гоцлоочид, гурвал, дөрвөл хөгжимчид, дуучид, бүжигчдид болон нийт уран бүтээлчдийн чадварыг өндрөөр үнэлж байлаа. Морин хуурын чуулгынхан байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа гайхалтай тоглолтууд амжилттай хийсээр ирсэн бөгөөд Санкт-Петрбург, Эрмитаж музейн Капелла концертын танхимд 2 дахь удаа Маринский театрын концертын танхимд анх удаа ийнхүү тоглолоо гэж Улсын Филармони мэдээлэв.