“Шувуучлахуй” үзэсгэлэнд арьсан урлагийн бүтээлүүдийг дэлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг, Монголын шувуулахуй холбоотой хамтран “Шувуучлахуй” үзэсгэлэнг Монгол арт галерейд энэ сарын 18-нд нээнэ.
Тус үзэсгэлэн Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд соёлын биет бус өвийг урлагаар дамжуулан сурталчлах, уран бүтээлийн инновац хийж таниулах, Монголын арьсан урлагийн уламжлалт арга биет бус өвийг хослуулан дэлгэрүүлэх зорилготой юм.
Үзэсгэлэнд 20-иод
уран бүтээлчийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан
аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал мөн олон төрлийн
материал ашиглаж махчин шувуудын өвөрмөц
донжийг гарган урласан баримлуудыг дэлгэх юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр Монголын
Шувуулахуй холбооны үзүүлбэрийг үзэх
боломжтой.
Манай улс 2005 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцыг соёрхон баталсан бөгөөд махчин шувуугаар ан хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор 2010 оны 11 сарын 16-ны өдөр бусад 11 орны хамт “Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлж, энхүү өвийг хамгаалах, түмэн олонд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээсэн. 2012 оноос хойш Олон улсын шувуулахуйн холбооноос жил бүрийн 11 дүгээр сарын 16-ыг “Олон улсын шувуулахуйн өдөр” хэмээн зарлаж Дэлхий даяар тэмдэглэх болсон. Соёлын биет бус өвийг хамгаалах нэг чухал үндэс суурь нь олон нийт, ялангуяа залуу үеийнхний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газраас “Идлэг Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу болгох тухай” 101 дүгээр тогтоолыг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан.
Монголын эзэнт гүрний үед энэ
арга ихээхэн дэлгэрсэн байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байна. Уран
бүтээлчид Монголын шувуулахуй холбоотой
хамтран бүтээлийн агуулга, судалгааны явцад хамтран ажиллаж, харилцан туршлага солилцон
зөвлөгөө авсны үр дүнд бүтээлүүдээ хийжээ.