Өвс тэжээл бэлтгэхэд 200 сая төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт 2020-2021
оны өвөл, хавар хонин толгойд шилжүүлснээр 5.1 сая мал өвөлжиж, хаваржихаар
байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Тухайлбал, 2020 онд 3,6 сая толгой мал тоолуулсан бөгөөд 1.2 сая төл хүлээн авсан. Үүнээс үржлийн бус эр сувай 591.7 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцсон байгаа. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн судалгаагаар бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 80 хувь нь хэвийн буюу сайн. Харин 20 хувь нь дунд зэрэг зуншлагатай гэсэн үнэлгээтэй гарсан. 2021-2022 оны бэлчээрийн даацыг тодорхойлсноор 41 хувь нь нөөцтэй, 30 хувь нь хүрэлцээтэй, 17 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн гэсэн үнэлгээ гарсан.
Тиймээс өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтэд шат дараатай арга хэмжээг авч ажилласан. Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолоор тус аймаг 100 тн өвс, 200 тн ногоон тэжээл, 100 тн тэжээл бэлтгэх үүрэг хүлээсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд ОНХС-гаас 200.0 сая төгрөг төсөвлөж, 266 тн өвс худалдан авахаар тендер зарласан байна. Мөн сум бүр 100 тн өвс, 30 тн нийт 24 сум 2400 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэх даалгавартай. Одоогоор сумын аюулгүйн нөөцөд 520.5 тн өвс, 295 тн тэжээл нөөцөлсөн нь 31,2 хувийн биелэлттэй. “Ковид–19” цар тахлын улмаас сумын төсөв хүрэлцэхгүй байгаа учир аюулгүйн нөөц бэлтгэх ажил удаашралттай байна гэв.
Өвс,
тэжээл бэлтгэл 70.2 хувьтай байна
Завхан аймгийн хэмжээнд зуншлага
оройтсон нь хадлангийн ургацад нөлөөлсөн.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгаснаар малчид 17.9 мянган тн хадлан, 403.5 тн гар тэжээл, 8872 тонн ногоон тэжээлийн нөөц бүрдүүлэхээр тусгагдсан. Одоогоор 24 сумын малчид, иргэд 12.5 мянган тн байгалийн хадлан, 8174 тн ногоон тэжээл, 53 тн үйлдвэрийн тэжээлийг бэлтгээд буй. Мөн 218,4 тн гар тэжээл, 722,2 тн давс хужир шүү бэлтгэсэн нь өвс, тэжээл бэлтгэл 70.2 хувьтай байна. Аймгийн ЗДТГ, ХХААГ–аас орон нутгийн нөөц боломжид тулгуурлан гар тэжээл бэлтгэх гарын авлага, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах уриалгыг 24 сумын нийт малчин өрхүүдэд хүргэсэн. Үүний үр дүнд малчдын гар тэжээл бэлтгэх ажил урагштай байгаа.
Отрын
бүс нутагт 45.3 мянган толгой малыг өвөлжүүлнэ
Тус аймгийн отрын бүс нутгийн
бэлчээрийн даац хонин толгойд шилжүүлснээр 45.3 мянган толгой мал өвөлжих
боломжтой гэсэн судалгаа гарсан.
Мал аж ахуйн өвөлжилтийг хангах
зорилгоор, Багахайрханы аймаг дундын отрын бүс нутгийн захиргаатай хамтарч отрын
бүс нутгийн хурлыг 10 дугаар сард зохион байгуулсан. Энэ хурлаас Цэцэн-Уул сумаас
15.3 мян/толгой мал, Алдархаан сумаас 3.5 мян/толгой мал гэхчлэн, Эрдэнэхайрхан,
Сонгино, Завханмандал, Яруу сумаас нийт 45.3 мян/толгой мал Багахайрханы
отрын бүс нутагт орж өвөлжих шийдвэр гарсан байна. Харин отрын урьдчилсан
судалгаагаар өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжихөөр, Баянхайрхан сумаас
өөрийн аймгийн Тэс, Сантмаргаз, Түдэвтэй,Сонгино суманд 9 өрхийн 2818 толгой
мал отроор өвөлжих судалгаа ирүүлсэн. Өөр аймгийн нутагт өвөлжихөөр, Тосонцэнгэл
сумаас Архангай, Хөвсгөл аймагт 11 өрхийн 5940 мал отроор өвөлжих судалгааг
ирүүлсэн байна. Түүнчлэн хилийн зурвас бүс нутагт Тэс сумын 52 өрхийн 13813
толгой мал отроор өвөлжих судалгааг ирүүлээд байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэл өглөө.