Соёл, урлагийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын дэд сайд М.Батбаяр ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Сергей Анатольевич Краминцев болон Улаанбаатар дахь Русский домын захирал Амгалан Базархандаев Ринчинович нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Оросын Холбооны дипломат
харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан соёл, урлагийн үйл ажиллагаануудыг амжилттай зохион
байгуулсныг тэмдэглэж, дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлэв.
Уулзалтаар ирэх оны 7 дугаар сард Монголын “UBS” телевизтэй хамтран зохион байгуулах гэж байгаа Монгол-Орос-Хятад-Японыг хамарсан хөгжмийн фестиваль, Виктор Цой-н хүү Александр Цой тэргүүтэй “Кино” хамтлаг болон “Мияаги & Эндшпиль” R&B хамтлагийн тоглолт, “Тэнгэр” хэмээх 1945 оны үеийн үйл явдлыг харуулсан түүхэн киног Монгол, Орос, Хятад Улс хамтран бүтээх төсөл, Оросын хаант засаглалын үеэс уламжлал болон зохиож ирсэн “Кадетын бал” хэмээх бүжгийн үдэшлэгийг Монголд жил бүр зохион байгуулах зэрэг ажлын талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.