Ф.Шопены нэрэмжит олон улсын III уралдаанд 50 гаруй төгөлдөр хуурч оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Монгол Улсын Консерваторид өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Консерватори, Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд энэхүү уралдааныг Улаанбаатар хотноо гурав дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Энэ удаагийн уралдааныг Монгол, Польш улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн Улаанбаатар хотноо Польшийн ЭСЯ дахин үүдээ нээж байгаатай холбогдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Өмнөх уралдаанд БНХАУ, Итали, ОХУ, Монгол улсаас 40 гаруй төгөлдөр хуурч оролцож байсан бол энэ удаа нийт 7 орны 50 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөж байна. Уралдаанд Монгол, ОХУ, Грек, Испани, Польш, БНХАУ, Солонгос улсаас төгөлдөр хуурчид өсвөрийн болон насанд хүрэгчдийн “А” “В” гэсэн 2 ангиллаар оролцож буй юм.
“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас уралдааны I шат 10 дугаар сарын 1-20-нд цахимаар явагдсан. Харин уралдааны II шатны шалгаруулалт Монгол Улсын Консерваторийн Концертын Б танхимд энэ сарын 18, 19, 20-нд болно. Уралдааны урын санд Ф.Шопены том хэлбэрийн бүтээлүүд багтсанаас гадна орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулан туурвисан бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор С.Гончигсумлаа, З.Хангал, С.Сансаргэрэлтэх, Х.Мөнх-Ертөнц, Ш.Өлзийбаяр нарын бүтээлүүдээс тоглох юм.
Ерөнхий шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, профессор В.Швитава, шүүгчээр ХБНГУ-ын Мюнхен хотын хөгжмийн их сургуулийн профессор М.Беллхайм, Испани улсын Мадрид хотын Алкала де Энарес хөгжмийн консерваторийн профессор Д.Мэндмаа, СУИС-ийн хүндэт профессор, нэрт төгөлдөр хуурч Ц.Энхтөр, МУК-ийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, олон улсын уралдааны шагналт, төгөлдөр хуурч Б.Номингуа нар ажиллаж байна.
Уралдааны нийт шагналын сан 30 сая төгрөг бөгөөд ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байрын шагналыг гардуулах юм. Уралдааны шагналын санг Польш улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Соёлын яам ивээн тэтгэж байгаа нь Ф.Шопены нэрэмжит уг уралдааны чансааг харуулж байна.
Мөн тус уралдааны тэргүүн байрын эзнийг Варшав хотын Шопены нэрэмжит хүрээлэнгийн урилгаар Польш улсад айлчлан тоглуулахаас гадна нэрт төгөлдөр хуурч, багш нарын Мастер классд оролцуулах юм.
Уралдааны зохион байгуулах ерөнхий
хороог Консерваторийн захирал профессор Ц.Пүрэвхүү удирдан, Сонгодог хөгжмийн
мэргэжлийн сургууль, төгөлдөр хуурын тэнхим, Уран бүтээл маркетингийн алба,
Гадаад харилцааны алба, Консерваторийн уран сайхны зөвлөл хамтран ажиллаж
байна. Зохион байгуулах хорооны зөвлөхөөр БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко, Монгол Улсын Соёлын яамны Урлаг, уран
бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Урбанек компанийн захирал доктор Б.Лхагважав
нар ажиллаж буй юм.
Уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах
ажиллагаа энэ сарын 22-нд болно.
Ташрамд дурдахад, Ф.Шопены нэрэмжит анхдугаар уралдааныг 2011 онд, II уралдааныг 2014 онд Ф.Шопены төрсөн өдөр буюу 3-р сарын 1-ний өдөрт зориулан зохион байгуулж байсан бөгөөд хамтран зохион байгуулагчаар БШУСЯ, Бээжин хот дахь БНПУ-ын ЭСЯ, Польшийн Соёлын төв ажиллаж байв.