Эрүүл мэндийн салбарынханд зориулсан "Монгол бахархал" хүндэтгэлийн тоглолт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-29 11:34:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарынханд зориулж "Монгол бахархал" хүндэтгэлийн тоглолтыг УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 27, 28-нд зохион байгууллаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүрэлцэн ирсэн эмч эмнэлгийн ажилчиддаа хүндэтгэл илэрхийлж үг хэлэв.

Тэрээр “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд хоёр жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчид та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Энэ он бол Эрүүл мэндийн салбарынхан бидний хувьд онцлогтой он байлаа. Дэлхий дахинд дэгдээд байгаа энэ цар тахлыг бид хамтын хүчээр даван гарах болно. Эмч эмнэлгийн ажилчид та бүхэн бол энэ цаг үеийн Монгол бахархал, цагаан нөмрөгт баатрууд билээ” хэмээв.

Тус хүндэтгэлийн тоглолтод МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, МУГЖ Ө.Уянга, МУСТА Б.Гомбо-Очир, Э.Отгонбат, М.Дариймаа, Б.Энхнаран,  Д.Эрдэнэ-Очир, С.Бат-Эрдэнэ, Б.Монголхүү, МУГЖ, Балетын гоцлооч О.Анужин, МУСТА Г.Батчимэг, М.Нандинцэцэг, Б.Баасансүрэн,  Д.Нацагдорж, О.Даваадорж болон Удирдаач Ц.Гансүх, Т.Гэрэлцэцэг, ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, ерөнхий хормейстер Н.Дашбямба, Симфони найрал хөгжимчид, Найрал дуучид, балетын жүжигчид, уран бүтээлчид оролцлоо. 

Мөн тоглолтод урилгаар Эрүүл мэндийн элч дуучин МУСТА  Б.Хангал болон Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Үлгэр Жишээ Үлээвэр Найрал хөгжмийн хамт олон, хөтлөгч МУСТА  Б.Гантигмаа нар оролцсон юм. 






相关新闻