Д.Алтансүх: Малын чанарыг сайжруулж, залуу малчдыг сургаж дадлагажуулах, орон нутагт ажлын байр бий болгоход сэтгэл зүтгэлээ зориулан явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-07 00:17:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын малчин Д.Алтансүх Монгол Улсын “Аварга фермер” хэмээх хүндтэй шагналын эзэн боллоо. Тэрээр төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн дагуу малыг тооноос чанарт шилжүүлэх, ашиг шим сайтай үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж, эрчимжсэн фермийн аж ахуйг амжилттай эрхэлж буй хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлж Улсын аварга болсон юм. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд Монгол Улсын аварга фермер гэсэн хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Малын буян түшиж, хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлнэ гэдэг малчин хүний хувьд хамгийн бахархалтай мөч болов уу. Хэзээнээс мал маллаж эхлэв. Малчин болж байсан дурсамжаа хуваалцаач?

-Би 1991 оноос эхлэн тасралтгүй 30 жил мал маллаж байна. Өнөөдөр Улсын аварга фермер гэсэн хүндэт шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Анх малчин болохдоо Сэлэнгэ нутгийн бахархал болсон казахын Цагаан толгойт үүлдрийн үхэр сүргийг маллан гараагаа эхэлж байлаа. Тухайн үедээ “Эх Баялаг” ХХК-ийн малчин болж, казахын Цагаан толгойт үүлдрийн үхрийн 1-р ангийн суурь авч маллаж байсан. Тэр үед надад өөрийн хувьчлалаар авсан нэг унагатай гүү, нэг морь, нэг даага, нэг гунж, 5 эр төлөг, мөн охин төлөг байсан. Энэ үеэс эхлэн өөрийн болон компанийн малаа маллаж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, тоо толгойг нь өсгөсөөр ирлээ. Тэгээд хувьчлалаар авсан малаа, компаниас шагналд өгсөн долоон охин бяруугаа өсгөсөөр 2000 онд 35 үхэр, 370 хонь, 16 ямаатай болсон. Ингээд “Эх Баялаг” ХХК-ийн малыг бүрэн бүтэн хүлээлгэн өгч, өөрийн хувийн хэдэн малтайгаа ардын аж ахуйтан болж байсан. Энэ цагаас хойш уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар  60-аад адуу, 130 гаруй үхэр, 1000 богтой болж малаа өсгөсөн.

-Нэг хэсэг казахын цагаан толгойт үүлдрийн үхэр цөөрч устаж үгүй болоход хүрсэн. Энэ үед Хушаат сумын малчид таслалгүй авч үлдэж, өнөөдөртэй учруулсан гэдэг. Энэ үед өөрөө хэрхэн ашиг шимт энэ сайхан үүлдрээ авч үлдэж байв?

-Зах зээлийн харилцаанд шилжсэн нийгмийн шилжилтийн хүнд хэцүү жилүүдэд мал үржлийн бодлого алдагдаж, малчдын шилжилт хөдөлгөөн ихсэн казахын Цагаан толгойт үүлдрийн үхэр хувьчлагдан тоо толгой их цөөрсөн. Мөн үүлдэрлэг байдал нь алдагдаж ирсэн. Энэ үед би казахын Цагаан толгойт үүлдрийн үхрийг үржүүлж, үүлдэрлэг байдлыг нь хадгалан хамгаалах ажилд сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн. 2010 оноос “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж эхлэн үржлийн бодлогоор казахын Цагаан толгойт үүлдрийн үхрийн тоо толгойг өсгөх, чанарыг сайжруулах ажил эрчимтэй хийгдэж эхэлсэн. Ингэснээр бусад малчдаа үлгэрлэн, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, казахын Цагаан толгойт үүлдрийн үхрийн цөм сүргийг үржүүлж, үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан борлуулж эхэлсэн. Энэ бодлого шийдвэр энэ үүлдрийг авран хамгаалахад их дэм болсон. Ингэж үхэр сүргийн чанараа сайжруулахын зэрэгцээ бэлчээрээ талхагдлаас хамгаалж, сэлгээгээр ашиглах, алсын отор нүүдэл хийж малдаа тарга хүч сайн авахуулж ирсэн. Мөн өвс тэжээлийн хүрэлцэхүйц нөөц бүрдүүлж, малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж ажилласан. Ингэж эрүүл, чанартай сүрэгтэй болсны үр дүнд малаа төлөөр нь өсгөж 2008 онд мянгат малчин болж байлаа.

-Өөрийг тань ашиглалтгүй байсан “Ар Сэд” могойн алсын бэлчээрийг ашиглаж зун, намрын отор хийж, малдаа тарга хүч авахуулдаг туршлагатай гэж сонссон. Мөн малчдын бүлгийн ахлагч гэсэн. Малынхаа ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлсэн туршлагаа хуваалцахгүй юу?

-Ойр орчмын малчдаа нэгтгэж “Таван-Эрдэнэ” малчдын бүлэг байгуулан бүлгийн ахлагчаар ажилладаг. Бид сүүлийн 3 жилд оны эхний хээлтэгчээс 100 хувь төл бойжуулж малын зүй бусын хорогдол гаргахгүй онд бүрэн оруулж ирсэн. Нэг малаас амьдын жингээр оны эхний үхрээс дунджаар 450 кг, гулуузаар 220 кг мах үйлдвэрлэсэн. Малын ашиг шим дээшилж таваарлаг чанар сайжирснаар жилдээ нядалгааны жингээр 8-9 тн мах, 20 толгой үржлийн өсвөр мал зах зээлд борлуулж, 120 сая төгрөгийн орлого олж амьдрал ахуйгаа дээшлүүлж байна. Үүний зэрэгцээ хуримтлагдсан орлогоороо малын хашаа, хороо барих, засаж сэлбэх, өвөлжөөндөө 10х8 хэмжээтэй байшин, 4х3 граж барьж тохижуулсан. Мөн хадлангийн бага оврын трактор техник хэрэгсэл худалдан авах, өндөр ашиг шимтэй хээлтүүлэгчээр сүргээ сэлбэхэд 20-иод сая төгрөгийг зарцуулаад байгаа.

-Ажлын байр гаргаж ажилладаг талаараа?

-Хөдөө орон нутагт ажилгүйдэл ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Энд байнгын ажлын байр хоёрыг гарган, туслах малчин ажиллуулж, төл хүлээн авах, хонь хяргах, ямаа самнах, хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо засаж сэлбэх, хөрзөн гаргах зэрэг цаг үеийн ажилд сумын төвийн ажилгүй иргэдээс 5-10 хүнийг түр ажлын байраар ханган ажлын хөлс урамшуулалд 10-12 сая төгрөгийг олгосон байгаа.

-Мал маллахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Мөн хөдөөд төв суурин газрынхнаас дутахааргүй тохилог амьдарч болдгийн жишээг үлгэрлэн үзүүлж яваа хөдөлмөрч малчин гэж сумын удирдлагууд тань ам уралдуулан магтаж байхыг сонслоо?

-Залуу малчдыг малжуулах үйлсэд ихээхэн сэтгэл зүтгэлээ зориулсан. Сумын ХАА-н тасгаас зохион байгуулсан сургалт семинарт идэвхтэй оролцож мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байгаа. Өөрийн сурсан мэдсэн зүйлээ ажил амьдралдаа хэрэгжүүлэхийн хажуугаар сум, орон нутгийн малчид, иргэддээ түгээж, өөрийн биеэр үлгэр дууриалал үзүүлэн хэрэгжүүлэхийг хичээдэг. Манай гэр бүл малаа эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлого болон бусад орлогоороо өвөлжөөн дээрээ тохилог орон сууц барьсан. Энэ маань заавал төвд биш, малчид бид хөдөөд суурин газрынхантай ижил тохилог, тав тухтай амьдарч болохын жишээг орон нутагтаа харуулахыг хичээсэн юм.  

-Залуу малчдыг малжуулдаг туршлагаа тодруулаач. Одоо танайх хэчнээн толгой малтай байна вэ?

-Миний хувьд цөөн малтай малчин болон малгүй иргэдийг малжуулахад санаачилга гарган ажилладаг. Жишээ нь туслах малчдадаа 100 эх мал хариуцуулан өгч, бойжуулсан төлийн 20 хувиар урамшуулахаар гэрээ байгуулан ажилладаг. Энэ бол залуу малчдад урам өгч, малчин болох залуусыг хөдөлмөрөөр нь дамжуулан малч арга барилд сургахад үр дүнгээ өгдөг. Туслах малчин, гарын шавь, гэрээт малчдаа ингэж малжуулахаас гадна амьдралд нь дэмжлэг туслалцаа шаардлагатай залуу гэр бүлийг малжуулах ажлыг жил бүр зохион байгаа. Тухайлбал хүү А.Амармөнхдөө 58 адуу, 74 үхэр таслан өгсөн. Мөн малчин П.Болдод 2 охин бяруу, 25 хонь, 5 ямаа, М.Ариунцэцэгт 5 хонь, Б.Жанцандоржид 5 хонь, Ж.Даваадоржид 40 хонь, 10 ямаа,  Б.Баярсүрэнд 10 ямаа тус тус  өгөөд байгаа. Манайх 2021 онд жилийн эцсийн байдлаар 1477 толгой мал тоолуулсан. Үүний 94 нь үхэр, 54 адуу, 1099 нь хонь, 230 нь ямаа байгаагийн 94 нь казахын цагаан толгойт үхэр байгаа.                                     

-Бас нийгмийн сайн сайхны төлөө хандив, тусламж, дэмжлэг нэлээд үзүүлдэг малчин гэсэн. Энэ талаараа?

-Малын буян их ээ. Үүнийгээ бусадтайгаа хуваалцаж амьдрах их дуртай. Сумынхаа сургууль, ЭМТ-ийн хүнсний хэрэгцээнд тус бүр хоёр бог мал, Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн албанд нэг агт хандивласан байгаа. Мөн аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин жил бүр  2 хонь өгдөг. Үүгээрээ нигүүлсэнгүй үйлстэн болсон. Түүнчлэн өөрийн мал маллах арга туршлагаа залуу малчдад зааж сурган Ж.Даваадорж, П.Болд, Г.Уртнасан нарыг туслах малчнаар авч, малжуулсан. Одоо шавь Ж.Даваадорж бие даан малчин болж, 20 үхэр 300-гаад бог малтай болсон байгаа.

-Малаа даатгалд хамруулдаг уу. Энэ шилмэл, ашиг шимт үүлдрийн үхрээ хэрхэн үржилд хамруулж байна?

-Манайх малаа эрсдэлээс хамгаалах арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлэн малаа даатгалд хамруулдаг. Нэг хонин толгойд 67.7 кг өвс бэлтгэж, өвлийг өнтэй даван туулсан. Жил бүр мал үржлийн мэргэжлийн байгууллага “Төгс ген” хоршооны мэргэжилтнээр мал сүрэгтээ ангилалт хийлгэдэг. Ингээд цөм сүргээс бойжуулсан өсвөр хээлтүүлэгчийг үзлэгт оруулан шаардлага хангасан малыг үржилд борлуулж байгаа. Жилд дунджаар 15-20 толгой өсвөр хээлтүүлэгчийг үржилд борлуулдаг. Сүрэгт эзлэх  хээлтэгчийн хувь үхэрт 40-48 хувь байлгаж, КЦТ үүлдрийн үхрийг тэргүүлэх чиглэлээ болгон өсгөх бодлого барин ажиллаж байна. Манайх малын чанарыг сайжруулах, залуу малчдыг сургаж дадлагажуулах, орон нутагт ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах зэрэг олон талын ажилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.  



相关新闻