Аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографийн аппаратыг эмчилгээ, оношилгоонд ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-08 00:10:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографийн аппаратыг ашиглалтад оруулж оношилгоо хийхэд бэлэн болжээ.

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар олгосон тус аппарат нь хүний биед үүссэн эзэлхүүнт эмгэгүүд буюу хавдар, уйланхай, гэмтлүүд, тархины харвалтуудыг оношлоход онцгой чухал ач холбогдолтой аж. Энэхүү дээрх 64 зүслэгтэй аппаратаар 0.8 мм ээс дээш хэмжээтэй эмгэгүүдийг илрүүлэх юм байна.  

Шинжилгээг зөвхөн эмчийн заалтаар ерөнхий ба тодосгогчтой хэлбэрээр хийнэ гэдгийг эмч нарын зүгээс тайлбарлаж байв. Ингэхдээ ердийн оношилгоо 120 мянган төгрөг бол тодосгогчтой нь 270 мянган төгрөгийн төлбөртэй байх ажээ. Харин ЭМД-д хамрагдсан иргэд 30 хувийг өөрөө төлж, үлдсэнийг ЭМД-аас гаргах гэнэ. Мөн өндөр настан, группт байгаа, жирэмсэн, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа иргэд, хугацаат цэргийн алба хаагчдын төлбөрийг 100 хувь ЭМД-аас төлөх аж.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглалтад орж байгаа энэхүү КТГ аппарат олон үйлчлүүлэгчийн Дархан, Улаанбаатар явах цаг хугацаа зардал мөнгийг хэмнэнэ. Түүнчлэн аливаа өвчнийг цаг алдалгүй оношилж эмчилж эдгээх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд ач тусаа өгөх учиртай" хэмээн тэмдэглэн хэллээ. 

相关新闻