Сүхбаатар сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-08 00:12:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр Цагдаагийн газрын удирдлагын багтай уулзаж, санал солилцсон байна.

Тус аймаг дахь Цагдаагийн газрын үүсэл 1924 оноос эхтэй бөгөөд ардын хувьсгалтай үе чацуу байгууллага юм. Энэ үеэр Засаг даргын зүгээс аймгийн төв Сүхбаатар сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх үүднээс хамгийн түрүүнд гэрлэн дохиотой болох, замын хөдөлгөөнд оролцох соёлыг төлөвшүүлэхийг зорьж байгаагаа илэрхийллээ. Иймээс гэрлэн дохио байрлуулж болох газрын байршил, зураг төсөв, мөн камержуулах цэгүүдийг тогтоох үүргийг Цагдаагийн удирдлагад өглөө.

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулж, ард иргэдээ амар тайван байлгахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хичээн зүтгэж яваа юм. Хүйтэнд хөрч, халуунд халж явдаг энэ хүмүүсийн ажлын орчин нөхцөл таатай байх ёстой гэдгийг уулзалтын үеэрээ аймгийн Засаг дарга онцолж байв.

Цагдаагийн газарт байрны асуудлаас эхлээд компьютер тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд учир дутагдалтай, элэгдэл хорогдолд орсон гээд анхаарах асуудал багагүй байгаа ажээ.

Аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа Засаг даргын зүгээс илэрхийлээд бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.



相关新闻