Ж.Чойханд: Дотоод орчны агаарын бохирдол гадныхаас 5-10 дахин илүү байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэнгэг усны нөөц, байгаль
хамгаалах төвөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд “Орон байрны дотор орчны бохирдлыг
сурвалжлах” талаар олон нийт болон сэтгүүлч нарт мэдээлэл өгч сургалт хийв.
Энэхүү үйл ажиллагааг БОАЖЯ болон АХБ-наас хэрэгжүүлж буй “Агаарын чанарыг
сайжруулах хөтөлбөр-2”-ийн хүрээнд олон нийтийн мэдээлэл-сурталчилгааны төслөөс
зохион байгууллаа. Уулзалтад АХБ-ны Агаарын чанарыг сайжруулах
хөтөлбөрийн зөвлөх багш Б.Эрдэнэчимэг, БОАЖЯ-ны
Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанар хариуцсан мэргэжилтэн
Д.Өнөрбат, Хүрээлэн
буй орчны бие даасан зөвлөх, доктор Ж.Чойханд нар оролцож мэдээлэл өгч, модератороор сэтгүүлч
С.Шүрэнцэцэг, төслийн мэргэжилтэн Б.Буянхишиг нар ажиллав.
АХБ-ны Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийн зөвлөх багш Б.Эрдэнэчимэг хэлэхдээ, “Манайд агаарын бохирдлыг бууруулахад үзүүлж буй иргэд, төр, хувийн хэвшил, ТББ-уудын оролцооны талаарх мэдээлэл хангалттай байгаа. Харин орон байрны дотор орчны бохирдол, түүнээс иргэд эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар төдийлөн яригдахгүй, энэ талаар олон нийтийн ойлголт хомс, хангалтгүй байгаа”-г онцолж байв.
Тэрээр, дотор орчны агаар нь гаднах орчны агаараас 5-10 дахин илүү бохирдолтой байдаг. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд маш ихээр сөргөөр нөлөөлдгийг тодотгож байв. (Иргэд ковидын хязгаарлалт, хорионы үеэр ажил, амьдралын цагийн 90 хувийг дотор орчинд буюу гэртээ болон албан өрөөнд өнгөрүүлжээ).
Хүрээлэн буй орчны бие даасан зөвлөх, доктор Ж.Чойханд хэлэхдээ, агаарын бохирдлын асуудал нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанартай холбоотой чухал зүйл юм гэдгийг тодотгож, дотоод орчны агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд үзэгдэж харагдахгүй, “чимээгүй” байдлаар сөргөөр нөлөөлдгийг хэлж байв.
ДЭМБ-ын мэдээгээр бага буурай хөгжиж буй, хөгжиж буй улс орны 3.8 сая иргэн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас баржээ.
Дотоод орчны агаарын
бохирдлын эхний, гол эх үүсвэр нь орон байрны цонх, агааржуулагчийн систем,
гэрийн хаалга, үүд зэрэг онгорхой цоорхой бүх сувгаар орж ирж агаарын
концентрацид нөлөөлж буй гадаад орчны агаарын бохирдол байдаг. Мөн гол нөлөөг
дотоод орчны өөрийнх нь, химийн, органик зэрэг олон төрлийн бодисоос
хамааралтай эх үүсвэрүүд үзүүлдэг байна. Дотоод орчны агаарын бохирдлын эх
үүсвэрийг химийн, физикийн, биологийн гэж 3 төрлөөр ангилдаг.
- Химийн эх үүсвэрт нь
угаарын хий, барилгын материал, будаг, цавуу, эд тавилга, хивс зэрэг эд хогшлын
нарийн ширхэгт, хүнд элементийн тоос тоосонцор,
- физикийн эх үүсвэрт дуу
шуугиан, чимээ, чийгшил, хөгц чийг ордог бол,
- билогийнхонд нян бактери,
вирус хамаардаг байна.
Дотоод орчны агаарын бохирдол нь битүү орчинд гал түлэх, хоол цай хийх, тамхи татаж, цахилгаан ахуйн тоног хэрэсэл ашиглах зэрэг олон шалтгаанаар үүсдэг. Эдгээр нь дотоод орчны агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж, гадны агаарын бохирдлоос 5-10 дахин илүү байдаг аж.