Иргэдэд хүрэх шүүхийн үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-17 20:33:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын байранд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн “Гэрэгэ киоск” машин ажиллаж эхэлсэн байна. Тус машин нь Шүүхийн архивын үйлчилгээ болон бусад үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлж буй цахим төлбөрийн үйлчилгээний төхөөрөмж юм. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож байгаа ажээ.

Тодруулбал Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа татварын байгууллага руу очиж, гүйлгээ хийж баримтыг шүүхэд өгдөг байсан байна. Иймээс дээрх ажиллагаа нь иргэдийг чирэгдүүлж, хүндрэл учруулдаг хэмээсэн шүүмжлэлийг дагуулдаг байжээ. Тэгвэл Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байрнаас киоск төхөөрөмжөөр төлснөөр шүүхийн төвлөрсөн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, илүү хялбар болгосон байна. Мөн Төрийн байгууллагуудын үйлчилгээнээс гадна, авто тээврийн шилжилт хөдөлгөөн, жолоочийн даатгал, торгууль, татвар төлөх, оношилгоо, үүрэн холбооны үйлчилгээ, автобус болон галт тэрэгний тасалбар, 1072 хувьцааны данс нээх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор хурдан хугацаанд авах боломжтойгоороо энэхүү машин ач холбогдол их ажээ.

 

相关新闻