Ардчиллын түүхийг илэрхийлсэн "Түүчээ цаг 3" үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн Л.Хадбаатарын “Түүчээ цаг 3” уран бүтээлийн үзэсгэлэн Ардчиллын ордонд өнөөдрөөс гарч эхлэв. Энэхүү үзэсгэлэн Монголын Ардчилсан холбооны анхдугаар их хурал хуралдсаны 32 жилийн ойд зориулагджээ.
1990 оны 2 дугаар сарын 18-нд МоАХ-ны Анхдугаар их хурал хуралдаж Монголын ард түмэнд хандаж уриалга гарган БНМАУ-ын Ардын Их хурал, МАХН-ын Төв хороонд өргөн барих бичиг гаргасны зэрэгцээ Монголын Ардчилсан нам /МоАН/ байгуулснаа зарлаж олон намын тогтолцооны эхлэлийг тавьсан юм. Тэрбээр түүхэн ач холбогдолтой энэ өдөр үндэснийхээ тусгаар тогтнол, хараат бус байдлыг сэргээн үе үеийн түүхийг уран бүтээлүүдээрээ тодотгосон МоАХ-ны гишүүдээ дэмжин алдаршуулах, залуу үед ойлгуулан таниулах зорилгоор тус үзэсгэлэнг нээж буй юм.
МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, МоАХ-ны анхны хамгаалалтын албаны дарга Л. Хатбаатар тус үзэсгэлэндээ 20-иод жил бүтээсэн 50 орчим уран зургийг дэлгэжээ.
Нээлтийн үеэр тэрбээр хэлэхдээ, “Миний эдгээр бүтээлд 1911, 1990 онтой холбоотой улс төрийн сэдэвтэй зургууд багтсан. 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож байсан миний нөхдүүд, залуучуудын дүр төрхийг яг тэр үеийн байдлаар нь зурж бүтээсэн. Монголчууд ардчиллын ач буяныг авч үлдэх, хамгаалахын тулд түүхээ мэдэх хэрэгтэй. 1911 оны Богд хаантай холбогдолтой болон “МоАХ-ны анхны цуглаан” гэдэг зураг бол хаашаа ч гажихгүй түүх юм. Энэ түүхийг монголчууд, бидний хойч ирээдүйд мэдээлж, таниулж байх шаардлагатай. 1990 оноос хойш ардчиллын төлөө зүтгэж байсан залуус өнөөдөр өвгөд, эмгэд болсон байна. Түүхийг үргэлж ярьж, таниулж байж Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө цаашаа явна” хэмээсэн юм.
Тэрбээр “Ардчиллыг түүчээлэгчид” хэмээх бүтээлдээ 500 орчим нөхдөө коллекц болгон дүрсэлжээ.
Мөн “Гэрч” бүтээлээ өөрийнхөө хөрөг зургаар 1990 онд болсон үйл явдлын гэрч хэмээн бүтээжээ. Эл бүтээлд 1990 оноос хойш ардчилсан хувьсгал гарснаар хаалттай торон хөшиг нээгдэж, дуугардаггүй загас дуугарч эхэлсэн гэсэн санааг харуулсан байна. Баруун дээд талд буй цонхоор ардчиллын салхи Монголд орж ирж буй, цагаан морин жилд болсон үйл явдлыг нүдээрээ харснаа тусгажээ. Гурван шувуугаар 1990 оноос хойш ардчиллын буянаар алсын Америк, Европын соёл монголд чөлөөтэй орж ирснийг харуулж буй юм. Түүнчлэн тэрбээр “Би тэр үеийн гэрч. Ардчилал сонин анх нээгдэж үйл ажиллагаа нь эхэлж буй тухай харуулсан” гэв.
Ташрамд дурдахад, МУЭ-ийн гишүүн Л.Хадбаатар “МоАХ-ны 25 жилийн ойгоор 2014 онд “Түүчээ цаг 1”, 30 жилийн ойгоор 2019 онд “Түүчээ цаг 2” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байв.