“Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг түшиглээд сурагчдад мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-23 21:22:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-аа түшиглээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдлэг олгож байна.

Энэ удаа Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн 7-р ангийн 56 сурагчийг хамруулан тус сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар мэдлэг олгосон байна. Мөн сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч, “Тохиолдож болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх 10 алхам” номыг сурагчдад бэлэглэжээ.

Тус байгууллага нь дэргэдээ “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг байгуулсан юм. Энд цэцэрлэгийн болон ЕБС-ийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх “Аврагч мазаалай”, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Галын аюулгүй байдал”-ын зэрэг сургалтын танхимууд хичээллэдэг аж. 

相关新闻