Хийсэн бүтээснээрээ бахархаж, омогшсон ахмадууд төрийн хишиг хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өнөөдөр Сэлэнгэ аймагт шагналын хур буулаа. Эрхэлсэн
ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн зарим
иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж,
аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө.
-“Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одон”-оор Сүхбаатар сумын иргэн, төр захиргааны ахмад ажилтан Г.Баянбат,
Сант сумын ахмад настан Г.Цэвээндорж,
-“Цэргийн гавьяаны улаан
тугийн одон”-оор Сүхбаатар сумын иргэн, хил хамгаалах байгууллагын ахмад
ажилтан С.Очир.
-“Алтан гадас одон”-оор Орхон
сумын ахмад настан, малчин Ж.Янжмаа, Түшиг сумын иргэн Д.Туул, Хушаат сумын
иргэн Р.Янжин, Сант сумын иргэн Т.Нямцэрэн нарын 40 хүн,
-“Хөдөлмөрийн хүндэт
медаль”-аар Түшиг сумын Хонгор овоо мал эмнэлгийн малын эмч Г.Дашцэрэн, Хушаат
сумын иргэн Л.Бямбасүрэн, Орхон сумын “Нилчиндалай” хоршооны жолооч Б.Хүрэлбаатар
/
Лангуугийн Алтанцэцэг
/Сүхбаатар сумын ахмад настан/нарын 10 хүнийг шагналаа. Ингээд зарим иргэдийн
сэтгэгдлийг хүргэе.
Хилийн баганын
дэргэдээс нар мандахыг харах хилчин хүний хамгийн том бахарал
Цэргийн гавьяаны улаан
тугийн одонгоор энгэрээ мялаасан ахмад хилчин С.Очир:Хилчин хүн гэдэг бол Монгол Улсынхаа хилийн бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг
ариун үүрэгтэй байдаг. Энэ ч утгаараа Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг
хамгаалж байгаа нэг хэлбэр нь. Ийм учраас би энэ албаараа их бахархдаг. Тэр дундаа
би цэргийн байгууллагын зүрх судас болсон штабт олон жил ажиллаж, холбооны
албыг олон жил удирдсан ийм хүн. Иймээс хил хамгаалах ариун их үйлсэд оруулсан
хувь нэмэр багагүй байгаа байхаа. Төр засагтаа баярлалаа.
Санхүүгийн
төсөв төлөвлөгөөндөө маш чанга чамбай, үр дүнтэй зарцуулах л чухал
Хөдөлмөрийн гавьяаны улаан
тугийн одон хүртсэн Төр засгийн ахмад ажилтан Б.Баянбат:Төр засгийнхаа өндөр дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одон авсандаа туйлын их
баяртай байна. Би төр засагтаа нэгдэл гэж байхаас эхлээд л 30 гаруй жил
санхүүгийн албанд ажилласан. Аймгийнхаа төр захиргаанд 1985 оноос хойш
ажилласан. МСҮТ-ийн орлогч захирлаар ажиллаж байлаа. Сэлэнгийнхээ нийт ард
түмэн, хөдөлмөрчид, аймгийн ЗДТГ-ынхаа хамт ажиллаж байсан нийт хамт олондоо баярлалаа.
Ажлын өндөр амжилт хүсье. Санхүүч хүний хамгийн гол зарчим бол шулуун шударга,
үнэнч, мөнгө төгрөг санхүүгийн төсөв төлөвлөгөөндөө маш чанга чамбай, үр дүнтэй
зарцуулах л асуудал байдаг, гэж ч боддог. Би өөрөө нэлээд чамбай хүн байлаа. Энэ
ч утгаараа мөнгө төгрөг дээр нэлээд хатуу байсан байхаа.
Би тээврийн
жолооч хүн
Алтан гадас одон хүртсэн Ахмад
тээвэрчин Т.Нямцэрэн:Би Цагаантолгойн
САА-д ажиллаж байсан тээврийн жолооч хүн. Тээврээ хийгээд жолоогоо бариад,
ачаагаа ачаад л явдаг байлаа. Жолооч хүн чинь цэвэрлэгч, харуул, манаач,
нягтлан гээд олон төрлийн ажил мэргэжлийг давхар хийж гүйцэтгэж, эзэмшиж явдаг
байсан. Би 64-өөс эхлээд хоёр ширхэг ЗИЛ-130 автомашиныг элээсэн дээ. Дээр
үеийн бид чинь их ажилтай амрана гэж байдаггүй, цаг завгүй ачаагаа нягт нямбай хамгаалж,
ачиж явдаг байв. Одоотой харьцуулахын биш, хэцүү байсан. Жолооч хүн чинь авто
техникийн дүрэм, машиныхаа бүрэн бүтэн байдлыг ягштал биелүүлж байж л осол
авааргүй ажиллана даа.


