Мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-нд Сэлэнгэ аймгийн нийт нутгаар хур тунадас,
уулаараа цас орж, цасан шуурга шуурахыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон
анхааруулж байна.
Энэ сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-нд ихэнх сумын нутгаар, 25-нд зарим сумын нутгаар хур тунадас уулаараа цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг мэдэгдлээ.
Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн
хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан
хувцастай зорчих. Түүнчлэн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан
сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй
байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.