Г.Цэнгэлзаяа: Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил 2.5 тонн үр бэлдэж, 10 сая ширхэг тарьц, суулгац тарьж ургуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-27 18:22:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг маш идэвхтэй түүчээлэн оролцож байгаа. Энэ ч утгаараа Монгол Улсын хэмжээнд нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарласан. Энэхүү ажилд тус аймгийн зүгээс хэрхэн оролцох бэлтгэл ажлаа хангасан хийгээд гол чухал хийгдэх ямар ажлууд төлөвлөсөн талаар аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяатай уулзаж ярилцлаа.


-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн Сэлэнгэ аймаг маш идэвхтэй түүчээлэн оролцож байна. Аймгийн хэмжээнд хэчнээн мэргэжлийн байгууллага болоод ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн санг гэрээгээр эзэмшсэн 168 нөхөрлөл, ойн мэргэжлийн 142 байгууллага байдаг. Мөн дээр нь сумын болон сум дундын 6 ойн анги бий. Эдгээр мэргэжлийн байгууллага, ойн мэргэжлийн инженер, ажилтнууд маань энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд маш идэвхтэй, тэргүүн эгнээнд оролцоно.

-Саяхан зохион байгуулсан ойн зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга “Сэлэнгэ аймаг нийлүүлэгч болно” хэмээн зарласан. Энэ маш том ажил гэж харж байгаа. Нийлүүлэгч аймаг болохын тулд ажлаа хаанаас, юунаас эхэлж байна. Хангалттай нөөц бий юу?

-Эхний ээлжинд бид хамгийн түрүүнд аймагтаа энд ажиллах ямар хэмжээний боловсон хүчний болоод хүний нөөц байна. Дээр нь тарьц, суулгацын нөөц хэр байна. Мөн мод тарих газар хаана байна вэ? гэдэг дээр судалгаа хийсэн. Судалгааны үндсэн дээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 81 га талбайд 68 мод үржүүлгийн газар, 30 гаруй иргэн, 38 ААНБ байгааг гаргаж ирсэн. Мөн өнөөдрийн байдлаар яг хөрсөн дээрээ мод үржүүлгийн газартаа 8 сая модны тарьц, суулгац байна гэсэн нөөц гарч ирлээ. Тэгэхээр Сэлэнгэ аймаг тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ямар ч байсан эхний ээлжинд нөөцтэй аймаг гэдэг нь харагдаж байна. Үүнээсээ улбаалаад цаашаа яаж нийлүүлэгч аймаг болох юм бэ гэдэг дээрээ анхаарах ёстой. Сэлэнгэ аймаг өнөөдөр Монгол Улсын Засгийн газартай 20 сая мод тарих гэрээ байгуулсан. Дээр нь манай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд тухайлбал “Болдтөмөр Ерөө гол” компани гэхэд л 100 сая мод тарина. Тэгээд тариалангийн талбай гээд бодох юм бол Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтдээ 150 сая гаруй модыг тарих нь ээ.

-Ойн мэргэжлийн боловсон хүчнийг шинээр бэлтгэнэ гэж аймгийн удирдлагууд ярьж байсан. Мэргэжилтнээ хэрхэн бэлтгэх вэ? Боломж бий юу?

-Бидэнд боломж байна уу гэвэл бий. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хоёр МСҮТ, нэг коллеж байдаг. Энд ойн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боломж бий. Өнөөдрийн байдлаар Цагааннуур, Хүдэр суманд ойн мэргэжлийн боловсон хүчин, ойжуулагч нараа бэлтгээд эхэлсэн. Бид бас Монгол Улсын хэмжээнд явагдаж байгаа 1000 багш үйл ажиллагаанд оролцож, сум бүрээс 3 багш бэлтгэхээр нэрсээ өгсөн. Бэлтгэл ажил хангагдаад явж байна.

-Танай байгууллага хэрхэн энэ үйл ажиллагаанд оролцож байна. Эхний ээлжинд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоогийн байдлаар манай БОАЖГ-аас ерөнхийдөө мод тарьж ургуулах, мод үржүүлгийн газраа сонгох талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ гарын авлага материалаар иргэд, ААНБ-уудыг ханган явж байна. Энэ хүрээндээ бид нэлээд олон гарын авлага бэлтгэсэн. Тухайлбал мод үржүүлгийн газарт ямар газрыг сонгож авах вэ. Үүнийгээ сонгоод авчихсан бол хамгийн түрүүнд юу хийх вэ? гэдгийгээ иргэд мэдэж байх ёстой.

Хамгийн түрүүнд хөрсний шинжилгээгээ хийлгэсэн байх ёстой. Ингэснээр тухайн хөрсөнд ямар төрлийн модыг сонгох нь тодорхой болдог. Дараа нь үрийн нөөц байгаа эсэхээ сонгоно. Хэрвээ байхгүй бол хаанаас олох, түүхээ сонгох. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Хүдэр, Ерөө, Түшиг, Цагааннуур, Алтанбулаг, Мандал зэрэг сумаас шилмүүст модны үрийг түүнэ. Мөн эдгээрээс гадна гол хөвөөлсөн бургасууд, уулын амуудаас зэрлэг үхрийн нүдний, бут сөөгний үрийг, жимс жимсгэний модны үрийг түүж бэлтгэж болно.

Мөн Сүхбаатар, Орхон, Орхонтуул зэрэг сумаас хайлаас модны үр түүж бэлтгэнэ. Ингээд сум, газар бүр тухайн газар нутгийнхаа онцлогоос хамааран хаана үрийн нөөц байна түүнийгээ бид тодорхойлоод гаргасан байгаа. Энэ хэмжээнд бид хаврын бэлтгэл ажилдаа орж байна. Саяхан бид ойн зөвлөгөөнөө хийж, Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг гэдгээ зарласан. Тэгэхээр одоо бидэнд байгаа 8 сая тарьц дээр 68 мод үржүүлгийн газар дээрээ, дахиад бүс болгон дээр нэмээд мод үржүүлгийн газар шинээр байгуулах гэж байна. Цөлжилтөд өртсөн нийт 60.6 хувийн 19 хувь нь эрчтэй буюу нэн хүчтэй гэсэн ангилалд орсон.

-Мод тарих нэг хэрэг. Арчлах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлууд хамгаас чухал. Энд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг үү. Мөн Сэлэнгэ аймаг нэлээд цөлжсөн. Энэ тал дээр ямар ажил төлөвлөөд хийж байгаа вэ?

-Энэ жил байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас Орхон, Бэлчир бүсийн ой үржүүлгийн газарт дэмжлэг үзүүлэхээр тодорхой хэмжээний хөрөнгө төлөвлөсөн. Ер нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаараа бид энэ жил 900 гаруй сая төгрөгийг төлөвлөөд ойжуулалт нөхөн сэргээлт хийх, мод үржүүлгийн газар байгуулах, өмнө нь байгуулсан мод үржүүлгийн газрууддаа усны эх үүсвэрийг нь шийдвэрлэх ажлуудыг хийж байгаа. Дээр нь цөлжилт, элсний нүүдэлд орсон, уур амьсгалын өөрчлөлт нэлээд ширүүн болоод байгаа газруудад аймгийнхаа хэмжээнд цөлжилтийн судалгаа хийлгэсэн. Сэлэнгэ аймгийн газар нутгийн 60.6 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн байна. Түүнийх нь 19 хувь нь эрчтэй буюу нэн хүчтэй гэсэн ангилалд орж байгаа. Тэгэхээр эдгээр газруудаасаа хаана нь ойн зурвас байгуулах вэ гэдгийг сонгож аваад жишээ нь Алтанбулаг, Орхон, Жавхлант, Сайхан зэрэг суманд зурвасын ажлыг хийж эхлээд байна.

-Энэ жилийн тухайд хаана хаана яг ямар ажлуудыг хийх вэ?

-Энэ жилийн хувьд бид Алтанбулаг, Жавхлант, Орхон, Сүхбаатар зэрэг суманд ойн зурвас байгуулна. Энд 200 сая төгрөг төлөвлөөд байгаа. Энд эхний ээлжинд мод үржүүлгийн газруудад байгаа модыг мэргэжлийн байгууллагууд тендер шалгаруулах замаар авч тарина. Тэгэхээр мод үржүүлгийн газарт байгаа тарьж, суулгацууд эдийн засгийн эргэлтэд орно гэсэн үг. Энэ тендерт орсон ААНБ-ууд өөрсдөө дандаа мэргэжлийн байгууллагууд байх ёстой. Тэд өөрсдийнхөө мод үржүүлгийн газарт тарьсан тарьц, суулгацаараа бусдад үйлчилнэ. Ингээд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтдээ энэ жил 2000-2500 кг буюу 2.5 тонн үр бэлдээд 10 сая ширхэг тарьц, суулгац тарьж ургуулах, нийтдээ 200 га газарт байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойжуулалт хийх, мөн 40 га газарт ойн зурвас байгуулах, тариалангийн 370 га талбайд ойн зурвас байгуулна. Мөн уул уурхайн компаниуд нийтдээ 50-100 га газрыг нөхөн сэргээх ажлуудыг энэ жил тэрбум модны хүрээнд хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Сэлэнгэ аймаг ойн нөөцөө тоолсон гэсэн. Мөн хортон шавжийн хөнөөлд хэрхэн өртөж байгаа вэ?

-Сэлэнгэ аймаг бол ойн болон байгалийн нөөцөө тоолсон аймаг шүү дээ. Жишээ нь ойн нөөцөөрөө 1.9 сая га ойтой. Газар нутгийн 47.6 хувь нь ой байна. Улсын ойн хэмжээний 55 хувь нь, таримал ойн 90.5 хувь нь Сэлэнгэ аймагт байна гээд гараад ирсэн. Тэгэхээр бид судалгаанд тулгуурласан, нөөцдөө суурилсан үйл ажиллагаа явуулах бүрэн бололцоотой болсон. Гэтэл дандаа сайн биш, манай ойн сангийн тодорхой хэмжээний газар доройтолд орсон. Энд ой хээрийн түймэрт өртсөн 30 гаруй мянган га талбай бий. Бас мод бэлтгэсэн талбай байна. Ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбай байна. Энд зайлшгүй ойжуулалт хийх шаардлагатай.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн 2021 оны судалгаанаас үзэхэд нийтдээ 14.9 га газар ямар нэг хэмжээгээр хортон шавжид нэрвэгдсэн гэсэн судалгаа гарсан. Энэ нь гол төлөв гол хөвөөлсөн бургасуудаас гадна ойн сангийн талбай байгаа. Ийм учраас бид энэ жил эхний ээлжинд Баруунбүрэн, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Орхон, Орхонтуул, Сант зэрэг суманд хөнөөлт шавжны эсрэг тэмцлийн ажлыг хийх гэж байна. Дээр нь Тужийн нарс таримал ойтой. Саяхан судалгаа авч үзэхэд Тужийн нарсны яг 25 мянган га нь хүний гараар бүтсэн таримал ой байгаа нь нотлогдсон. Энд нийтдээ 75 мянган га ой байдаг. Тэнд харамсалтай нь ойн хөнөөлт шавж орж ирсэн байна. Энэ бол нэг ёсондоо аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Яагаад гэвэл энэ судлагдаагүй, хортон шавж тараагүй байсан газар. Өнгөрсөн жилийн судалгаагаар гараагүй. Харин өвлийн бидний хийсэн судалгаагаар үр боргоцойны хортон оржээ гэсэн судалгаа гарсан. Энэ бол маш аюултай. Тэгэхээр энд яаралтай тэмцэх үүднээс эхний жилд хөнөөлийн голомт маш ихтэй байгаа 500 га газарт 20 сая төгрөгөөр утаат шүршигчээр тэмцлийн ажлыг явуулах гэж байна.

-Үндэсний хөтөлбөрт мэргэжлийн байгууллагууд хэрхэн оролцох нь тодорхой байна. Харин мэргэжлийн бус иргэд, байгууллагууд энэ ажилд яаж оролцох вэ. Тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү?

-Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас иргэд рүү хандсан, төсөл хөтөлбөрийн асуудал, хөрөнгө мөнгөний асуудал гараагүй байна. Гэсэн хэдий ч Сэлэнгэ аймаг бол саяны миний хэлсэн байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардлаасаа 901 сая төгрөгийг зарцуулж, ойжуулалт нөхөн сэргээлтийн ажил, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг маань бүгд хувь хүн, иргэд рүү чиглэсэн ажил юм. Дээр нь тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн өрх бүр хашаандаа мод тарина. Тэр дундаа жимс жимсгэний мод тарина. Сэлэнгэ аймаг угаасаа Шаамарын шар тохойдоо алим, жимс тарьж байсан туршлагатай. Үүнийгээ сэргээх. Мөн айл өрх бүр хашаанаасаа янз бүрийн химийн хортон бодист өртөөгүй, эко цэвэр бүтээгдэхүүн тарьж, алим, жимсээрээ хангах. Энэ бүхнийг бид мэргэжлийн байгууллагатай уяж, холбож өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Энд Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургадаг алим, чавганаас гадна хармаг тарьдаг болсон. Маш олон сортын үхрийн нүдийг туршин тарьж байна. Сая зөвлөгөөн дээр жимсний албаны даргыг урьж оролцуулан мэдээлэл хийлгэхэд Сэлэнгэ аймагт бүх төрлийн жимс, жимсгэний мод тарьж ургуулах бүрэн бололцоотой гэсэн судалгааны дүн хэлсэн. Би үүнд маш их олзуурхаж байгаа. Тэгэхээр айл болгон хашаандаа жимсний модоо тарих бололцоотой юм.

Мөн бид Сэлэнгэ аймгийн хэмжээнд байгаа өрхийн тоог гаргасан. Хашаанд байгаа айлууд хашаандаа модоо тариад явна. Харин төвлөрсөн нийтийн байруудад байгаа айлууд яах вэ? Иймээс аймгийн Засаг даргын зүгээс тухайн сумдын дарга нарт ийм өрхүүдэд хаана мод тарих нийтийн эзэмшлийн талбайг нь зааж өг гэж үүрэг даалгавар өгсөн. Сум бүр иргэдийн таатай орчныг бүрдүүлэх цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураглал, саналаа гаргаж байна.

Энэ жил бид хувьсгалын өлгий гэдэг утгаар Алтанбулаг сумаас эхэлнэ. Энд 94 сая төгрөгөөр 2 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Өнгөрсөн жил Сүхбаатар суманд жижиг ногоон төгөл байгуулсан. Тэнд 1700 гаруй мод тарьсан, ургаж байна. Мөн тэр хүрээлэндээ худгийн асуудлыг цогцоор нь шийдсэн. Үүний зэрэгцээ зөвхөн мод тарьж ургуулаад байх биш, иргэдийн аятай тавтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ийм талбайнууддаа эко жорлонгийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Хүмүүс аялна зугаална гэдэг чинь аль болох модтой, ойн газруудаар нийтийн эзэмшлийн талбайгаар л явдаг. Зайлшгүй бие засах болно. Иймээс бид нүхэн жорлонгоос татгалзаж, эко жорлонг байршуулж байгаа. Энэ жил мөн л байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардлаас Сүхбаатар суманд эко жорлон дөрвийг байрлуулна. Энд 60 сая төгрөг төлөвлөсөн. Энэ нь бас л аялал жуулчлал, тэрбум модны хөтөлбөртэй уялдаад явж байгаа.

-Та түрүүн зөвлөгөөний үеэр Сэлэнгэ аймаг агро ойжуулалтын эхлэлийг тавилаа гэж ярьж байсан. Энэ талаараа тодруулаач. Агро ойжуулалт гэж яг юуг хэлээд байна вэ?

-Жимс, жимсгэнэ тарьснаар агро ойжуулалтыг нэлээд хөгжүүлнэ гэж харсан. Агро ойжуулалт гэж яг юуг хэлээд байгааг хүмүүс ярьдаг мөртлөө сайн мэддэггүй. Ойн зурвас байгууллаа гэж бодьё. Үүнийхээ үндсэн мод буюу мэргэжлийн хэллэгээр “пионер мод” буюу улиас, хайлаасаа тарилаа гэж бодоход түүний дунд зайнд нь та жимсний модоо, хүнсний ногоогоо тарьж болно. Энэ чинь бас эдийн засгийн эргэлтэд ороод нэг талдаа байгаль экологидоо сайн, нөгөө талдаа эдийн засгийн талдаа үр өгөөжөө өгөх ажил болж байгаа юм.

Агро гэдэг нь ойн зурвасынхаа дундуур тарьж ургуулж байгаа жимс, жимсний мод, алим, хүнсний ногоогоо хэлж байгаа юм. Ойжуулалт гэдэг нь тэр зурвастайгаа холиод ирэхээр агар ойжуулалт болж байгаа юм. Үүнийг дэмжсэн ажлыг бид маш сайн хийнэ. Энэ ажлыг бид энэ жил Стрем төсөлтэй хамтраад Жавхлант суманд үлгэр жишээ хийх гэж байгаа. Өнгөрсөн жил Алтанбулаг сумын Хоёр элсний тэнд зурвас байгуулсан. Одоо энэ зурвасынхаа дотор талбайд алимаа тарина. Энэ бол тэрбум модны хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг бөгөөд агро ойжуулалтын эхлэл болж байгаа юм.


Улаан номд орсон, нэн ховор жодоо модоор ойжуулалт хийсэн, Тужийн нарсаа сэргээсэн Сэлэнгэ түмний ажил олон улсад сайн жишээ болсон

-Сэлэнгэ аймаг хушин ойгоо ойжуулсан, мөн нэн ховор болон ховордсон модыг тарьж, ургуулсан гэдгээрээ онцлогтой. Энэ талаар?

-Сэлэнгэ аймаг ховор төрлийн модоо тарьж эхэлсэн ганц аймаг. Бид зүгээр нэг тариагүй. Яаж үрээр нь тарих уу, ойд яаж шилжүүлэх вэ гээд нарийн ажиллагаатай. Бид бүр ойд бортготой нь шилжүүлсэн. Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга ирж бидний тарьсан жодоо, хус модыг тарьж, ойжуулалт хийсэн талбай дээр очиж үзээд маш сайхан ургаж байгаатай танилцсан. Ингэж сайн ургах шалтгаан нь ерөөсөө Бугантын газар нутгаас үрээ түүгээд тэнд нь буцаагаад тарьсан явдал юм. Тэр Бугантаас авсан үр маш сайн ургадаг болох нь тогтоогдсон. Дээр нь Бугантад хуш мод бий. Бид самрыг маш их хэмжээгээр түүдэг. Гэсэн ч модыг нь тарьж ургуулж байгаагүй. Хүмүүс хэдэн мянган кг-аар нь манай аймгаас түүгээд явж байна. Тухайн орон нутгийн төсөвт 5 тэрбум төгрөг орлоо гэдэг боловч буцаагаад ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн ААН байдаггүй. Бид үүн дээр 2018 онд дүгнэлт хийгээд “Бугант” группийн “Сэлэнгэ Бугант” гэдэг компани 10 га газарт хушаар ойжуулалт хийсэн. Эднийх хушаа авч ашигладаггүй газар. Гэхдээ мод бэлтгэдэг. Өөрсдийнхөө байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлынхаа зардлаар, мэргэжлийн боловсон хүчиндээ тулгуурлаад үүнийг хийсэн. Тэр ойдоо маш сайхан ургаж байгаа. Бид бусад аймгаас түрүүлээд ямар ч байсан алхмуудаа хийсэн байгаа. Энэ жилийн хувьд ховор болон нэн ховор моднуудынхаа талбайг нь тусгаарлаад үрээ түүх газруудаа авах гэж байна. Үрээ хаанаас түүх вэ гэхгүйгээр тодорхой хэмжээний талбайгаа тусгаарлаад тэндээсээ түүнэ. Тэндээсээ сор элит моднуудаа сонгоод үрээ түүнэ. Түүнийгээ мод үржүүлгийн газраа аваачиж тариад тэр модоо ууландаа буцааж тарих ийм ажлуудыг хийхээр эхлэлийг нь тавьсан. Нэн ховор болон ховор модонд хуш, жодоо, гацуур ордог. Үүний зэрэгцээ нарс, шинэсээ ч тарьж байгаа.   

-Сэлэнгэ аймаг “Тужийн нарс”-аа сэргээсэн, ойжуулсан ажлынхаа сайн жишээгээр олон улсад сайшаагдсан гэж сонссон. Эндээс харахад Сэлэнгэ “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд түүчээлэх нь аргагүй мэт санагдсан?

-Ёстой үнэн. Энэ бол аргагүй түүчээлэх ёстой ажил. Ер нь хэлэхэд 5 төрлийн шилмүүст мод ганцхан Сэлэнгэ аймагт ургадаг. Тэр утгаараа бид бүгдийг нь тарих ёстой. Түүгээрээ ойжуулалт хийсэн байх ёстой. Үүнд ч манай аймаг эхлэлийг нь тавьж чадсан.

Чехийн Олон улсын их дээд сургуулиудын консерциум гэдэг судлаачдын баг байдаг. Тэд нар манай аймагт ирж,  ойжуулалтын ажлыг газар дээр нь үзэж судалгаа хийсэн. Жодоогоор ойжуулалт хийсэн юм байна гэж маш өндөр үнэлгээ өгсөн. Энэ бол нэн ховор гэдгээрээ улаан номд орсон мод шүү дээ. Дээр нь бид “Тужийн нарс”-ны нөхөн сэргээлтээрээ төв Азийн хэмжээнд сайн жишээ болсон. Тэр дотроо манай орон тужийн нарсаа нөхөн сэргээж, хомсдол доройтолд орсон, түймэрт шатсан асар их ойгоо ойжуулж чадсан үзүүлэлтээрээ орсон байгаа. Энэ маань хэдийгээр Монгол Улс гэж олон улсад яригдаж байгаа ч цаана нь Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын, Сэлэнгийн ойчдын асар их зүтгэл, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн. Үүнд би маш их баяртай байгаа. Тэр нутагт нь МУИС-ийн доктор, профессор С.Гэрэлбаатар очиж итгэл тавиад ирсэн. Энэ эрдэмтэн маш олон газар очиж туршлагаа ярьж, илтгэлээ тавиад ирсэн байгаа.

-Ярилцсанд баярлалаа.   

                  

相关新闻