Нийтийн биеийн тамир, дугуйн спортыг дэлгэрүүлэхэд аймгийн дарга анхааран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-29 18:44:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ клуб” байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл бүх насны гишүүдээр гишүүнчлэлээ нэмэгдүүлэн үр дүнтэй ажилласаар иржээ. Энэхүү ажлынхаа хүрээнд нийтийн биеийн тамирын спорт, тэр дундаа дугуйн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус клубийн зүгээс аймгийн Засаг даргатай харилцан санал солилцсон байна. Үүний үндсэн дээр “Дугуйтай Сэлэнгэ” төслийг хэрэгжүүлж, хамтран ажиллахаар болжээ. 

Хамтын ажиллагааны хүрээнд тус клубийн тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл болон Сүхбаатар сум дахь ЕБС-ийн биеийн тамирын багш нарын уулзалтыг аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс зохион байгуулсан байна. “Дугуйтай Сэлэнгэ” клуб нь салбар бүрийн ажил мэргэжлийн хүмүүс өөрсдийн хүсэл зорилгын хүрээнд эвлэлдэн нэгдсэн сайн дурын байгууллага юм.

Тус клубийн гишүүд “Илүүдэл жингүй эртэч Монгол аян”-д нэгдэн хөдөлгөөний дутагдлаас бүх насныхныг сэргийлэх, дугуйн спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх үндсэн зорилготой ажээ. Энэ ч утгаараа “Дугуйтай аялагч залуус”, “Насанд хүрэгчдийн”, “Ахмад настнууд”, “Өсвөр үеийнхэн”-д зориулсан” группүүдийг ажиллуулж байгаа аж. Иймээс нэн түрүүнд хүүхдүүдийг энэхүү хөдөлгөөнд идэвхтэй хамруулах үүднээс ЕБС-ийн багш нартай хамтарч ажиллахаар санал солилцжээ. Анх 2017 онд сууриа тавьсан тус клуб 2019 онд албан ёсоор “Дугуйтай Сэлэнгэ” спортын клуб болон өргөжжээ. Клубийн удирдах зөвлөлийн гишүүд “Дугуй-Хобби, “Дугуй-Эрүүл мэнд” гэсэн сургалтыг бүх шатны байгууллагуудад тогтмол явуулсаар ирсэн байна. Тэдний онцлог нь клубийн албан ёсны үнэмлэхтэй, клубийн онцлогоо гаргасан маскатай, иж бүрэн хувцсаар бүрэн жигдэрсэн, брэнд дугуйгаар өөрсдийгөө хангасан явдал юм. Тэдний өмсдөг хантааз нь л гэхэд урдаа 1, хойноо 2 шөнийн цагт гэрэлтүүлэгч цацруулагчтай аж. Цар тахал гарахаас өмнө клубын гишүүд Буриадын дугуйчидтай хамтарч Галуут нуурын чиглэлд гадаад аяллыг амжилттай зохион байгуулсан байна.

Мөн Сүхбаатар сумын аварга шалгаруулах өсвөрийн дугуйчдын тэмцээнийг зохион байгуулж, аймаг орон нутаг, улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байгаа тухай клубийн тэргүүн Н.Нямлхагва ярилаа. Тухайлбал хамгийн сүүлд саяхан Монголын дугуйн холбооноос зохион байгуулсан 24 клубийн 173 дугуйчид оролцсон улсын тэмцээнд амжилттай оролцож бангийн дүнгээр гутгаар байр эзэлжээ. Дугуйчид энэ тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Өнөөдөр тус “Дугуйтай Сэлэнгэ клуб” Ерөө, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Мандал сумдад салбартай бөгөөд 1100 гаруй гишүүн дэмжигчидтэйгээр эгнээгэ өргөтгөн үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. 



相关新闻