"Багшийн манлайлал" чуулга уулзалт зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нийт багш нарын дунд “Багшийн
манлайлал” чуулга уулзалтыг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь шилдэг туршлагаас суралцахад чиглэжээ.
Энэхүү үйл ажиллагааг “Чадварлаг багш” сумын дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна. Чуулганд сумын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 440 гаруй багш нар оролцжээ. Чуулганы хүрээнд “Би багш” зорилтот нэвтрүүлгийн ялагч, үндэсний “Шилдэг багш” Мандал 3 дугаар сургуулийн багш Ц.Аюуш, Мандал 4 дүгээр сургууийн багш Д.Мөнхбаатар нарын туршлагаас судлан, сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Мөн чуулганд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжүүлэлтийн газрын дарга Д.Даваасүрэн, Нийслэлийн Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн физикийн багш, улсын физикийн олимпиадын 9 удаагийн аварга, 2022 оны дэлхийн фикикийн багшийн олимпиадын аварга Б.Түвдэндорж нар оролцож өөрийн илтгэл мэдээллээ танилцуулсан байна.

