Эмч нарын ажил мэргэжлийн уралдаанд эх баригч Г.Болортэрх түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-30 17:09:19
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүний гавьяат эмч Э.Баатархүү агсны нэрэмжит "Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан" боллоо. Жил бүрийн Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг "Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан"-ыг 2015 оноос эхлэн Монгол Улсын хүний гавьяат эмч Э.Баатархүү агсны нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн.
2015 оноос хойш уламжлал болгон зохиож буй уг арга хэмжээг 6 дахь удаагаа эмч нарын дунд зохион байгуулж байгаа бөгөөд эмч нарын мэдлэг, ур чадварын өнөөгийн түвшинг тодорхойлон, эмч нарт мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх сэдлийг төрүүлэх, эрүүл мэндийн салбарын сургалт хөгжлийн төлөвлөлт хийх зорилготой юм.
Энэ жилийн "Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан"-д аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-үүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 50 гаруй эмч нар оролцсон байна. Ажил мэргэжлийн уралдаан нь онолын болон гардан үйлдлийн шалгалт гэсэн 2 шаттай явагдаж, НЭ-ийн НҮЭМК-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Ганбатын Болортэрх тэргүүн байр эзэлжээ.
АШУҮИС-иас уригдаж ирсэн АУ-ны доктор, профессор Ж. Энхцэцэг, АУ-ын доктор М.Наранпүрэв, АУ-ын доктор, дэд профессор Г. Эрдэнэтуяа, АУ-ны доктор, дэд профессор А.Отгонбат нар шүүн явуулжээ.
相关新闻