“Дубай ЭКСПО” дахь Монголын асарт 350 мянган хүн зочилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-01 16:57:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотноо гарсан “Дубай ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэн хаалтаа хийлээ. 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31 хүртэл 183 хоногийн турш үргэлжилсэн тус зэсгэлэнг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриан дор зохион байгуулсан юм. 


Монгол Улс дэлхийн 192 оронтой зэрэгцэн дэлхийн үзэсгэлэнд амжилттай оролцож, Монголын асарт 350 мянга гаруй хүн зочилжээ. Мөн АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү, Дубайн гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум зэрэг олон орны төрийн дээд удирдлага манай улсын асраар зочилсон юм.

Манай улсын үзэсгэлэнг ГХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж, Соёлын яам, БОАЖЯ, Монголын Үндэсний музей, Үндэсний Номын сан, "Зэв дижитал" нүүдлийн музей, "Эрдэнэс Тавантолгой" ХК дэмжин оролцов.



Мөн АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Шейх Абдулла бин Зайд зочилж, Монгол Улсын асарт дэлгэсэн үзмэрүүдтэй танилцсан юм. Тэрээр, зураач Н.Сэргэлэн, С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон XVIII зуунд монгол бичгээр бичсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож, монгол бичиг араб бичигтэй тун төстэй харагдаж байгааг онцолж байв. Экспогийн үеэр, өнгөрсөн оны 11 дүгээр сард “Монголын Үндэсний Өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулж, Монголын талаас 40, АНЭУ-ын талаас 30 бизнес эрхлэгч оролцож, мэдээлэл солилцсон.




Дубай ЭКСПО-2020”-ын ерөнхий сэдвийн хүрээнд Монгол Улсын асрыг тохижуулсан бөгөөд Монголын Үндэсний музей, Үндэсний Номын сангийн 100 гаруй үзмэр, гэрэл зурагчдын бүтээл, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байршуулж сонирхуулсан сан юм. Үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч "Анна кашемир", "Сайн түмэн кашмир", "Сутайн гоёл", "Хас гоёл", Монтулга арьсан эдлэл, "Мэргэн тур", "Хөх урлан", "Агни", "Энхжин сувенир", "Говь гоо" компаниуд оролцож, Ноосон зангилаа эсгий, Асылмура казак урлал, Дора брэнд арьсан цүнх, Мон тү өв оюун ухааны музей оньсон тоглоом, "Тур хэндс", Жасу гар урлал, Талын эзэн мимо угсардаг гэр зэрэг бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулав. Түүнчлэн гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа, Балг.Баяр, Банз.Баяр, Б.Чадраабал, Б.Эрдэнэбулган, Л.Баяндорж нарын бүтээлүүд Монголын асрыг чимжээ.




Үзэсгэлэнгийн үеэр “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд оролцогч улс орнуудын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болж, тус тэмцээнд Монгол Улсын павильоноос хоёр тамирчин оролцож мөнгөн медаль хүртэж байлаа.





相关新闻