“Халхгол” чөлөөт бүсийг цуцлах тухай тогтоолын төсөл санаачилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:21:15

УИХ-аас энэ оны 7-р сарын 9-ний өдөр “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай 75-р тогтоол батлан гаргасан билээ. Чөлөөт бүс өөрийн гэсэн дүрэмтэй байдаг. Энэ оны 2-р сард шинэчлэгдсэн Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хуулиар Халхгол чөлөөт бүсэд гаднаас ажиллах хүч оруулахад ямар нэгэн квот хязгаар тогтоохгүй болж байна.

Энэ нь цаашдаа Халхголын сав газар, Буйр нуур орчимд олон мянган суурьшмал гадаад иргэд бий болгох эрсдэлтэй. Мөн Чөлөөт бүсийн хуулийн дагуу Халхголд үйлдвэрлэж боловсруулсан ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүнийг Монгол улс, Дорнод аймаг руу оруулахад татвартай ч хилээр гадагш гаргахад 0 хувийн татвар ногдуулах юм.

Халхгол чөлөөт бүсийн хилийн зурвас доторхи 500 мянган га газарт тус сумын 260 өрхийн 980 иргэний өвөлжөө бууц, малын бэлчээр болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газрууд багтсан. Энэ нь газар давхцуулан эзэмшүүлэхгүй гэсэн Газрын хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчиж байгаа.

Дэлхийн улс орнууд хилийн бүстээ багахан хэмжээний газар нутгийг чөлөөт бүс хэлбэрээр ашигладаг жишиг бий. Гэхдээ манайх шиг 500 мянган га байтугай 50 мянган га газар нутагтай ч чөлөөт бүс гэж байдаггүй аж. Мөн ХАА-н үйлдвэрлэлийг чөлөөт бүсийн дэглэмээр хөгжүүлсэн практик үгүй бөгөөд  НҮБ-ын дэргэдэх Хүнс хөдөө аж ахуйн байгууллага FAO -аас хүлээн зөвшөөрсөн “Certified organic agricultural area” буюу “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс” гэсэн нэршлийг дэлхийн 100 гаруй улсад хэрэглэдэг байна.

Иймээс УИХ-д Дорнод аймгаас сонгогдсон гишүүн Х.Болорчулуун нар Халхголын хязгаарт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргахдаа Чөлөөт бүсийн хуулиар онцгой дэглэм тогтоон мөрдүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг тогтоолыг хүчингүй болгох тухай төсөл санаачлан боловсруулаад байгаа аж. Уг тогтоолын төслийг хэд хэдэн гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан бөгөөд УИХ-ын намрын чуулганд өргөн баригдсанаар Халхгол чөлөөт бүсийг цуцлах, эсэх талаар хэлэлцэх юм.

Б.Туяа

 

相关新闻
注释