СЭЛЭНГЭ:Сэлэнгэ аймгийн баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 100, 101, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны
90, 91 жилийн ойн үндэсний их баяр наадам өнөөдөр хөтөлбөрийн дагуу урианхай сурын
харваагаар эхэлсэн юм.
Аймгийн баяр наадмын урианхай сурын харваанд Монгол Улсын Хүндэт мэргэн О.Буянтогтох тэргүүтэй спортын мастер цолтой 10 гаруй, аймгийн мэргэн цолтой 10 орчим, сумын мэргэн цолтой болон шинэ залуу тамирчдаас бүрдсэн нийт 60 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Урианхай сурын харваа жилээс жилд өргөжиж, харваачдын тоо нэмэгдэж байгаа тухай наадмын комисс онцоллоо. Өнгөрсөн хоёр жилийн хувьд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж аймгийн баяр наадамд оролцох харваачдын тоо харьцангуй цөөн байсан байна. Харин энэ жил оролцогчдын тоо өсч хамгийн хол Баян-Өлгий, ойроос гэвэл Дархан-Уул, Төв аймгийн харваачид ирж оролцож байгаа ажээ. Урианхай сурын харваа нь нийт 30 сум тавьдаг. Зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлогтой юм. Тус харвааны нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байнаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг онцлогтой гэнэ. Сэлэнгэ аймгийн баяр наадам маргааш Буриад сурын харваагаар үргэлжилнэ.
