ТББХ: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн гаргасан найруулгын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдтэй холбоотой гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ наймдугаар сарын 15-ны Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь харилцан адилгүй, олон шүүмжийг дагуулж байгаа ч төрийн эрх барих, хууль тоггоох дээд байгууллага, Үндсэн хууль дээдлэн, үндэсний эв нэгдпийг хангах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн цэцээс гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, няцаах байр суурийг баримталж үл болно. Өөрөөр хэлбэл ардчилсан эрх зүйт төр ёсны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Цэцийн эцсийн шийдвэрийг хүндэтгэн зохицуулах, залруулах үүргийг хүлээж байгаа нь Үндсэн хуулийн өмнө хүлээсэн хариуцлага юм.
Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн болохын хувьд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эх болгох, цаашилбал Үндсэн хуульд кодификац хийх, хэлэлцэн шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.