Мөнгөний бодлогын хүүг өсгөж, 15 хувь болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкны Захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж Мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.
Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурсан.
Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Мөнгөний бодлогын мэдэгдэлд тусгажээ.
Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа аж. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтлахаа мэдэгдлээ.
2016 он гарсаар Монголбанкны Мөнгөний Бодлогын зөвлөл нийт гурван удаа хуралдсан. Зөвлөлөөс тавдугаар сарын 5-нд Бодлогын хүүг 1.5 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болгосон бол долдугаар сарын 7-нд хуралдахдаа Бодлогын хүүнд өөрчлөлт оруулалгүй хэвээр хадгалж байсан юм. Харин энэ удаад 4.5 нэгж буюу огцом өгсгөлөө.
Эх сурвалж Монголбанк:
Мөнгөний бодлого гэж юу вэ?
Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино. Мөнгөний нийлүүлэлтийн дараах үндсэн арга хэрэгслүүд байдаг.
• Шууд арга
- Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох
- Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх
• Шууд бус арга
- Заавал байлгах нөөцийн хувийг тогтоох
- Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах
- Хүүний нэгдсэн бодлого явуулах (Төв банкны зээл, үнэт цаас)
Мөнгөний бодлогын арга хэрэгсэл (Төв банкны тухай хуулийн 11 дүгээр зүйл)
1. Банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тогтоох
2. Банкинд зээл олгох
3. Монголбанкны зээл, үнэт цаасны хүү болон хямдруулалтын хувиар дамжуулж хүүгийн нэгдсэн бодлого явуулах
4. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
5. Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх
Бодлогын хүү инфляцийг хазаарлана
Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. 12,25 хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байхад үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байсан. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банкинд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг. Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банкинд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банкинд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь ийнхүү нэг талаараа инфляцийг бага төвшинд барихад ач холбогдолтой ч эргээд бодит эдийн засагтаа дарамт болдог талтай. Учир нь бэлэн мөнгөний урсгал багасах эсвэл зээлийн хүү нэмэгдэх нь аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм ч таатай бус байх нь мэдээж. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саармагжих бэлэн мөнгөний урсгал багасах нь эдийн засгийн хурдтай хөгжлийг удаашруулах нөхцөл болдгийг эдийн засагчид хэлж байна. Тийм ч учраас бодлогын хүүг өсгөх гэдэг арга хэмжээг эдийн засагчид ялангуяа бизнесмэнүүд төдийлөн таашаадаггүй. Гэвч инфляцийг бага төвшинд барьж, ард иргэдийн нуруунд очих дарамтыг багасгахын тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй гэж олон улсын байгууллагуудын шинжээчид хэлдэг билээ. Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг.
Н.Гантуяа