“Google Pay” төлбөрийн системийг Монголд нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-18 14:57:00

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Олон улсын цахим төлбөр тооцооны системд өргөн ашигладаг “Google Pay” үйлчилгээг Монголд албан ёсоор нэвтрүүллээ.


Одоогоос жил орчмын өмнө Голомт, Худалдаа Хөгжлийн банк Apple Pay үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байсан бол өнөөдөр Google Pay төлбөрийн системийг нэвтрүүлж, Android, Wear OS төхөөрөмж хэрэглэгчид төлбөр тооцоогоо хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдүүлж байна.


Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Apple pay, Google Pay нь олон улсын төлбөрийн чиг хандлагад чухал үүрэг гүйцэтгэж, хэрэглэгчдэд ухаалаг утсаараа төлбөрөө хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломж олгож байна. Нөгөө талаас төлбөр хүлээн авагч байгууллагуудын төлбөр тооцооны явцыг хурдасгаж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид эергээр нөлөөлнө” гэдгийг нээлтийн үеэр хэлж байв. 


Монгол Улсад Google Pay үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчид үндэсний төлбөрийн “₮ карт” ашиглан олон улсад төлбөр тооцоогоо хийх боломж нэмэгдэж байна. Мөн Монгол Улсын төлбөр тооцооны хөгжил дэлхийн жишигт хүрсэн алхам юм. Google Pay нь төлбөрийн мэдээллийг шифрлэж, биометрийн (хурууны хээ, нүүрний танилт) баталгаажуулалт ашиглан хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалдаг, дэлхийн 100 гаруй оронд идэвхтэй хэрэглэдэг шийдэл юм.

相关新闻