ТӨСӨВ 2023: Өвс, тэжээлийн татварыг чөлөөлөх хүсэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар чуулганы дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргад нэгдсэн хуралдаантай холбогдуулан албан бичиг ирүүлсний дагуу үг хэлэв.
УИХ-ын гишүүн
Ш.Адьшаа хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж буй
үед улс орны эдийн засгийн хүнд, валютын хомсдолд орсон, цаашид хэрхэн засахад Сангийн
яам анхаарч, төсөв мөнгөний талаар дорвитой шийдвэр хэрэгтэйг тэмдэглэв. Тэрбээр,
“Монголын арилжааны банкууд ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл өгөхгүй байгаа
нь хэзээ хүртэл үргэлжлэх вэ. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын
банк санхүүгийн байгууллагаар төлбөр хийхгүй, зөвхөн урсгал зардлаа гаргадаг. Иймд
гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх
хэрэгтэй байна” гэсэн юм.
Үүний дараа
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Энэ жил Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс,
Өвөрхангай зэрэг аймгийн нутагт зуншлага тааруу байсан тул мал тарга авсангүй. Өвөлжилт
хүндрэх төлөвтэй. Малчдын өвлийн бэлтгэлд анхаарч Засгийн газраас өвс тэжээлийг
гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай албан бичиг хүргүүлсэн. Татвараас
чөлөөлвөл 1 шуудай хорголжин тэжээл 9 мянга орчим төгрөгөөр хямдрах боломжтой. ХХААХҮЯ
хивэг хангалттай байгаа гэдэг ч баруун аймаг руу тээвэрлэхэд ОХУ-аас орж ирэх
хивэгнээс үнэтэй болчихдог. Иймд баруун аймагт очих өвс тэжээлийн татварыг чөлөөлөх
хэрэгтэй байна” хэмээв.