Ноолууран бүтээгдэхүүнээр гадаад, дотоодод түүчээлэгч “Ханбогд кашимер” нийслэлийн төвд дэлгүүрээ нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани өнөөдөр шинэ салбар дэлгүүрээ нийслэл хотын төвд нээлээ. Энэ нь тус компанийн 10 дахь салбар гэдгийг компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг тодотгож байна.
Төв салбар дэлгүүрийн нээлтэд “Ханбогд кашимер” компанийн хамтран ажиллагч бизнесийн түнш, байгууллагууд, харилцагчдын болон компанийн ажилтан, ажилчдын төлөөлөл, үйлчлүүлэгч, хэрэглэгч нар цугларав. Мөн манай улсад суугаа Франц, ХБНГУ, Вьетнам улсын Элчин сайд нарын болон ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрын тэргүүний гэргий нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Компанийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Ганцэцэг төв салбараа нээж, “Өнөөдөр нийслэл хотынхоо төвд үүд хаалгаа нээж буй шинэ дэлгүүрээрээ бид хэрэглэгч нараа дэлхийн жишиг, стандартад нийцсэн, өнгө үзэмж сайн, загвар дизайн бүхий чанартай бүтээгдэхүүнээр уйдаахгүйгээр үйлчилнэ. Манай компани жил бүр шинэ бүтээн байгуулалт хийж, гадаад, дотоодын хэрэглэгч нартаа шинэ шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барьж байгаа” гэв.
Нээлтэд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож хэлэхдээ, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын гол үнэ цэнтэй түүхий эд нь цагаан алт болсон ноолуур юм. Манай улс дэлхийн зах зээл дээрх ноолууран түүхий эдийн 40 хувийг дангаар хангадаг хэрнээ мөн дэлхийн ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 2-хан хувийг эзэлж буйг дурдаад, энэ тоо нь бидэнд ноолуурын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бололцоо байгааг нэг талаар харуулж байгаа юм. Нөгөө талаар бид дээрх нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэйг сануулж байгаа юм. Энэ талаар эх орондоо төдийгүй олон улсын түвшинд Монгол ноолуурынхаа хэв загвар, чанар, өнгө төрхийг тод томруунаар таниулан илэрхийлж, үнэтэй хувь нэмэр оруулж буй хамт олон нь “Ханбогд кашимер” ХХК юм гэдгийг онцлов.
Тэрбээр мөн тус компани Тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, олон улсын чанарын баталгаажуулалтын “Хаан
ширхэгт” тэмдэгийг авсан, Европын зах зээлд Монгол Улсын самнасан ноолуур болон
ноолууран бүтээгдэхүүний замын зургийг гарган түүчээлэн ажиллаж буйг тэмдэглэн хэллээ.
Бас нэгэн таатай мэдээг дуулгасан нь “Ханбогд кашимер” ХХК-тай Итали улсын тэргүүлэгч
компаниуд хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээг байгуулаад байна гэв.
Ингэснээр тус компани үйлдвэрлэл, үйл ажиллагаа олон улсын зах зээлд улам өргөжүүлэх
дараагийн буюу хоёр дахь үйлдвэрээ барих
эхлэл тавигдаж байгаа ажээ.
Нээлтэд оролцсон зочдын нэг Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийн гэргий, хатагтай Урзула Розенбергээс санал сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр, Монголын ноолуурын үйлдвэрлэлийн нэг гол тоглогч “Ханбогд кашимер” компани нийслэлийнхээ төвд дэлгүүрээ нээж байгаа нь гадаад, дотоодын үйлчлүүлэгч, жуулчдад ойр байх боломжийг олгож, тэдний сонирхолыг татахад дөхөмтэй болж байгаад талархаж байгаа илэрийлэв.
Мөн тус компани ноолуурын Тогтвортой үйдвэрлэлийг нэвтрүүлэн ажиллаж, сарлагийн хөөврөөр бас дулаан, зөөлөн бүтээгдэхүүн хийж, ер нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэгцээт, энгийн бүтээгдэхүүнтэй хамт тэнцүүлэн үйлдвэрлэн гаргадаг. Мөн эмэгтэй ажилчдыг дэмжин ажлын байраар хангаж буй зэрэг нь их таалагддаг гэдгийг хатагтай Урзула Розенберг онцоллоо.
Төв дэлгүүрийн нээлтээр “Ханбогд кашимер” ХХК-иас Италийн Милан хотод олон улсын үзэсгэлэнд үзүүлсэн шинэ бүтээгдэхүүнийг загвар өмчсөгч нар танилцуулав.
“Ханбогд кашимер” ХХК нь анх 1998 онд байгуулагдаж байсан, ирэх жил 25 жилийн ойтойгоо золгох гэж буй манай улсын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноолуур бэлтгэгч ууган компаниудын нэг юм.
Гэрэл зургуудыг Т.Чимгээ