АРХАНГАЙ: УОК-ын Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллалаа.
Шуурхай бүлэг баруун таван аймагт ажиллаж, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц, өвс тэжээлийн нөөц, аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн хэрэгжилттэй танилцаж байна. Архангай аймгийн Онцгой комиссоос 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангуулах төлөвлөгөө, албан даалгавар, сумдын нөхцөл байдлын үнэлгээ зэргийг танилцууллаа.
Архангай аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын албан даалгавар, захирамжууд гарч зургаан ажлын баг томилогдон 8 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд сумдад ажиллаад ирсэн.
Сумдад ажиллах үеэр Засгийн газрын тогтоол, албан даалгавруудын хэрэгжилт хангалтгүй, энэ чиглэлээр зохион байгуулсан дорвитой ажил байхгүй, албан хаагчдын ээлжийн амралтыг цаг үеийн нөхцөл байдалд уялдуулж зохицуулаагүй, зарим сум албан тушаалын сул орон тоог нөхөөгүй, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан албан тушаалтан авч ажиллуулаагүй, Засаг даргын тамгын газар, тасаг нэгжүүдийн ажлын уялдаа холбоо сул зэрэг зөрчил дутагдал нийтлэг байсан.
Хангуулж ажиллуулахаар тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгах зорилгоор ажлын багууд дахин сумдад ажиллана.
УОК-ын Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг төрийн байгууллагууд, НҮБ-ын холбогдох төлөөлөгч нар багтжээ.