АРХАНГАЙ: Аймгийн 2023 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн барив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. “Архангай аймгийн 2023 оны төсвийн төсөл”-ийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх" гэж заасны дагуу энэ сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалд төсвийн төслийг өргөн барилаа.
Энэ оны төсвийн төслийн онцлог нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хууль бусад хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбогдуулан, төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг баримталж ажиллахаар боловсруулсан байна.
2023 оны төсвийн онцлог төсвийн орлогын бүрдүүлэлт, зарлагын талаар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-д суудалтай намын бүлгийн дарга нарт мэдээлэл хийжээ.
Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, энэхүү төсвийн төслийг хэлэлцэн батлах юм.