Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей виртуал болох зорилт дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-12 13:16:06
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей бол Монгол Улс дахь музейн зориулалттай барилгатай цөөхөн музейн нэг. Цаашид анх байгуулагдсан зориулалтаараа буюу Ардын хувьсгалын түүхийг харуулсан хэлбэрээрээ ажиллахаар төлөвлөж байна. 


2022 оны гуравдугаар сард Соёлын дэд сайд М.Батбаяр музейн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад Орон нутгийг судлах музей болон Ардын хувьсгалын музейг тусад нь байлгах нь зохимжтой юм байна. Тиймээс Сэлэнгэ аймагт орон нутаг судлах музейн барилгыг шинээр барих асуудлыг ойрын үед шийдвэрлэнэ гэжээ.


"Тиймээс музейн үзэл баримтлалыг үүнд зориулан шинэчлэх шаардлага бий болсон. Одоо манай музей 3200 гаруй үзмэртэй, үүнээс нь 1600 орчим нь Ардын хувьсгалын түүхтэй холбоотой уран баримал, уран зураг болон биет үзмэрүүд байдаг. Нийт үзмэрийнхээ 40-50 хувийг үзэсгэлэнгийн танхимдаа гаргаж байна. Музей цаашид хувьсгалын музей хэлбэрээрээ ажиллаж эхэлбэл нийт үзмэрээ үзэсгэлэнгийнхээ танхимд гарах боломжтой болно. Мөн орчин үеийн нөхцөл байдалдаа нийцүүлж виртуал музей болгох зорилт дэвшүүлсэн. Энэ талаар өмнө нь "Хархорум" виртуал музейн төсөл дээр ажилласан МУИС-ийн багш А.Энхбаярын багийнхантай холбогдсон. "Хархорум" музейн төсөлтэй харьцуулахад манай музей цаг хугацааны богино түүхийг хамарна. Илүү бодит, баримтат виртуал музей болох боломжтой. 2021 оны тавдугаар сард Ерөнхий сайдыг ирж танилцахад виртуал музей болгох зорилттой байгаагаа танилцуулсан. Засгийн газрын түвшинд энэ асуудлыг дэвжихээ илэрхийлсэн байгаа" хэмээн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн захирал М.Баярбаатар ярьж байна. 


Музейн зарим үзмэр хуучирсан, ялангуяа 1970-аад оны уран зураг болон бусад бүтээлүүдэд сэргээн засварлах шаардлага бий болсон. Тиймээс салбарын яаманд энэ асуудлаа танилцуулж, 100 сая төгрөгийн төсвийг 2022 онд батлуулжээ. Харамсалтай нь 2 удаа бүтээл сэргээн засварлах тендер зарласан ч оролцогч байгаагүй, Монголын үндэсний музейн дэргэд сэргээн засварлах нэгж байдаг ч тэр нь хуулиараа тендерт оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Соёлын яам болон бусад холбогдох газруудтай сэргээн засварлах 100 сая төгрөгийн төсвөө зориулалтаар нь ашиглах арга замаа хэлэлцэж байгаа аж. 


"Манай музей 2020 онд их засвар хийсэн. 2022 онд үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Он гарснаас хойш манай музейг 10 мянга гаруй хүн үзээд байна. Үүний 60 орчим хувь нь хүүхэд, оюутнууд байдаг. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймгийн төв, сумдаас зорьж ирж, зохион байгуулалттайгаар ирж үздэг. Мөн аялагчид, ОХУ-ын буриадууд их үздэг. Жил бүрийн 5 дугаар сарын 9-нд Алтанбулаг суманд ялалтын баярын арга хэмжээ зохион байгуулдаг. Үүнд ирж оролцогсод бас үздэг. Бид бас аль болох үйл ажиллагаагаа шинэлэг, үзмэрүүдээ өнгөлөг байлгахыг зорьдог. Саяхан гэхэд л Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд музейн сан хөмрөгт байгаа Ардын хувьсгалын сэдэвтэй Монголын нэрт зураачдын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. Энэ онд 10 сая төгрөгийн төсөл бичиж, уран зургуудынхаа жаазыг сэргээн шинэчиллээ. Цаашид музей виртуал болчихбол газар дээр нь ирж үзэхээс гадна зайнаас үзэгчдийн тоо нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байгаа" гэж М.Баярбаатар захирал музейн үйл ажиллагааг бидэнд танилцуулах үеэрээ сэтгэгдлээ хуваалцав.


Монгол Улс, ОХУ-ын хилийн боомт Алтанбулаг суманд байгаа уг музей нь 1969 онд ЗХУ-д зураг төсөл нь хийгдэж, Хувьсгалын музей нэрээр 1971 онд нээлтээ хийжээ. 2004 онд аймгийн орон нутгийг судлах музейг нэгтгэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей болгож, Орон нутгийг судлах болон Ардын хувьсгалын гэсэн 2 танхимтай, 14 хүний орон тоотой  ажиллуулах болжээ. 


Энэхүү музейд монгол нутагт хүн амьдарч байсныг гэрчлэх эртний хүний яс, Хүннүгийн үеийн булш, арслан заан, зэрлэг үхэр, савагт хирсний яс, чулуужсан мод, чулуун болон хүрэл зэвсэг, 13-р зууны үеийн монгол цэргийн дуулга, илд бамбай, зэр зэвсэг, хөө хуяг,  Н.Цүлтэм, Г.Одон, Ю.Дорж, Ц.Жамсран, С.Рэнцэн, Д.Амгалан, С.Дондог, Г.Дунбүрээ, Б.Гомбосүрэн, Б.Батсүх, Б.Баясгалан, Г.Баяраа, Б.Балдан, Ж.Нямсүрэн, Б.Балдорж, Л.Махбал, М.Бүтэмж зэрэг Монголын нэрт зураач, уран барималчдын Ардын хувьсгалын сэдэвт уран зураг, уран баримал, шигтгэмэл зургийн бүтээлүүд байна. 


Мөн жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, төр нийгмийн зүтгэлтэн Г.Бумцэнд тэргүүтэй Ардын хувьсгалд оролцсон партизануудын хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, малгай, дээл, хантааз, гутал хувцас, ширээ, сандал, бичгийн хэрэглэл, зэвсэг, эд хэрэглэл бий юм.


Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн I давхар. Ардын хувьсгалын түүхэнд холбогдох үзмэрүүдийн дээжис


Музейн үүдний танхим. С.Чоймбол "Хонгор морьтой Сүхбаатар" уран баримал

Шивээ Хиагт дууны үг бүхий хана. Л.Махбал "Нөхөрсөг яриа" уран баримал

М.Бүтэмж "Хувьсгалын шуурга" чулуун шигтгэмэл

Г.Баяраа "Хувьсгалын цуурай" чулуун шигтгэмэл

Сүм хийдийн ширмэн хонх, гунан буу

Г.Дунбүрээ "Их үйлсийн төлөө" уран зураг

Ү.Болд "Дотно яриа" баримал



Хиагтыг чөлөөлөх тулаанд хэрэглэж байсан буунууд


Жанжин Д.Сүхбаатарын хөхөөтэй модон цаг




Жанжин Д.Сүхбаатарын дээл


Ж.Нямсүрэн "Утасны хороо" уран зураг



Партизан, төр нийгмийн зүтгэлтэн Г.Бумцэндийн хэрэглэж байсан эд зүйлс





Зураач С.Дондогийн зурсан Маймаачин хотын ханын дэлгэмэл зургийн хэсгээс.

Шивээ Хиагт дуунд гардаг 4 пулемётын 3 нь тус музейд, 1 нь Дархан-Уул аймгийн музейд байна.




Ардын хувьсгалын партизануудын эд хэрэглэлээс


Одоо Алтанбулаг суманд буй жанжин Д.Сүхбаатарын ажиллаж байсан байшин анхны хэлбэрээрээ ийм байв.





Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан малгай, хантааз, орос эмээл



Жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан эд зүйлс









Гүн Билигсайханы хөрөг




Маршал Х.Чойбалсангийн хөшөө








II давхар. Орон нутгийг судлах хэсгийн үзмэрүүдийн дээжис


Арслан заан, зэрлэг үхрийн яс

Хүннүгийн булш


Зэрлэг үхрийн яс

Эртний зэр зэвсгийн зүйлүүд

13 дугаар зууны цэргийн хэрэглэл

13 дугаар зууны цэргийн хөө хуяг, 29 кг жинтэй.

Сумны зэв, зэр зэвсгийн үлдэгдэл


Сэлэнгэ аймгаас олдсон савагт хирсний яс

Сэлэнгэ аймагт хандгай, буга, үнэг, хярс зэрэг олон төрлийн ан амьтан бий.


Музейн орон нутгийг судлах танхимын хэсэг

2022 онд уг музейг 10 мянга гаруй иргэн үзжээ.

Музейн байр

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻